Хураангуй:
Монгол улсад замын түгжрэлээс авахуулаад нийгмийн стресс ихтэй, ажил амьдралынхаа тэнцвэрийг зохистой түвшинд хадгалан авч явахад хүндрэлтэй байгаа өнөөгийн цаг үед энэхүү асуудлыг шийдэх нэг арга зам нь оршин суугчдын чөлөөт клубуудыг байгуулах явдал юм.
Монголчуудын хувьд энэ ойлголт харьцангуй шинэ ойлголт бөгөөд цөөн хэдэн барилгын компаниуд өөрсдийнхөө төлөвлөж буй төслүүддээ энэ нэр томьёог дурдаж байна. Гэхдээ эдгээр төслүүд нь клубхаус гэх нэрэн дор төлөвлөгдөж байгаа ч үндсэн агуулгаараа гадны улс орнуудын клубхаусуудаас нэлээд ялгаатай байгаа юм. Уг төслүүд нь бүгд дунджаас дээш орлоготой баян чинээлэг иргэдэд зориулагдан төлөвлөгдсөн байдаг бөгөөд үйлчилгээ болгоноо тусдаа бизнес маягаар аутсорсинг хийж байгаагаараа мөн тухайн бүс нутгийн оршин суугчдаар хязгаарлахгүй үйлчилгээгээ массын зах зээлд хүргэдэг гэдгээрээ хамгийн том ялгаатай байна. Монголын хүн амын дийлэнх хувийг энгийн дундаж болон дунджаас доогуур давхаргынхан эзэлдэг. Тэр хүмүүсийн амьдарч буй орчин нөхцөл, санхүүгийн боломж, хэрэгцээ шаардлагад нийцэхүйц чөлөөт клубыг байгуулах боломжийг энэхүү судалгаагаар судлан гаргаж ирэхийг зорьсон билээ.
Уг судалгааг хийхдээ Улаанбаатар хотын дундаж болон стандарт зэрэглэлийн хоёр орон сууцыг сонгон авч оршин суугчдын санал бодол, хэрэгцээ шаардлагыг тодорхойлохын тулд хэрэглэгчийн судалгааг асуулга болон ярилцлагын аргуудыг ашиглаж авсан. Уг судалгаан дээрээ үндэслэн чөлөөт клуб байгуулахад шаардлагатай анхны хөрөнгө оруулалтыг зах зээлийн үнийн судалгааг хийж тодорхойлсон. Судалгааны үр дүнд олон өрхтэй хотхонуудын хувьд дан хотхоны оршин суугчдыг хамруулан чөлөөт клуб байгуулах боломжтой байсан бол цөөхөн өрх айлуудтай хотхоны хувьд эргэн тойрны зэргэлдээх хэд хэдэн хотхоны оршин суугчдыг хамруулан гишүүнчлэл үүсгэх замаар сарын хураамжийг авч орлогоо бүрдүүлэн чөлөөт клубыг байгуулах боломжтой байна. Санхүүгийн тооцооллоос гадна техник технологи, зах зээл, үйл ажиллагааны боломжийг гадаад болон дотоод орчны шинжилгээнүүдээр дамжуулан судалж Улаанбаатар хотын орон сууцны хотхонуудад оршин суугчдын чөлөөт клуб байгуулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн.