Хураангуй:
Сүүлийн 20 жилд төрийн өмчит компаниуд ч мөн адил хөрөнгийн зах зээл дээр гарч өөрсдийн үнэлгээ, засаглал, чадамжаа дээшлүүлж давхар компаниа дэлхий дахинд сурталчлах замаар өөрийн улсын нэр хүндийг дээшлүүлж байгаа олон жишээнүүд байна. Эдгээрээс дурдвал Дэлхий нийтээрээ сайн мэдэх хөрөнгийн зах зээл дээрээс амжилттай хөрөнгө босгож чадсан Саудын Арабын төрийн өмчит газрын тосны “Саудын Арамко”, ОХУ-н төрийн өмчит компаниуд болох “Роснефть”, “Газпром”, түүнчлэн БНХАУ-н төрийн өмчит Банкнууд зэрэг том жишээнүүд байна.
Үүний адил Монгол улсын төрийн өмчит аж ахуйн нэгжүүд тэр дотроо төрийн өмчит уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд нэвтрэх бүрэн боломж байгаа гэж харж байна. Ингэснээр тэдгээр компаниудын үнэлгээ бодит болж, компанийн засаглал нь улс төрөөс үл хараат ил тод, нээлттэй болох, техник технологийн шинэчлэл хийх, борлуулалтын шинэ суваг үүсэх, дэлхийн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах зэрэг давуу талууд гарч ирэх юм.
Судалгааны ажлын хүрээнд олон улсын зах зээл дээр санхүүжилт татах хэлбэр, арга замууд, гарцуудыг тодорхойлж, хөрөнгийн биржүүдийн шаардлага, шалгууруудыг харьцуулж, бусад улсын туршлагуудыг судалж Монгол улсын төрийн өмчит уул уурхайн компаниудын хувьд санхүүжилтийн аль хэлбэр нь тохиромжтой, тухайн шаардлага, шалгууруудыг хангаж чадаж байгаа эсэх зэрэг асуудлуудыг хөндөхийг зорилоо.