Хураангуй:
Байгууллагын бизнес загвар нь тухайн байгууллагын гүйцэтгэл болон өрсөлдөх чадвартай хамааралтай болохыг энэ чиглэлийн олон судалгааны ажлуудад дурьдсан байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд бизнес загварыг шинэчлэлийн хэсэг буюу инновацийн эх үүсвэр бөгөөд тогтвортой өрсөлдөх давуу байдлыг бий болгоход чухал хэмээн үзэх болсон. Ялангуяа бизнес загвартай холбоотой хийгдсэн гадны байгууллага болон сургуулиудын судалгааны ажлуудад бизнес загварын шинэчлэл хийдэг байгууллагууд нь үйл явц болон зөвхөн бүтээгдэхүүн шинэчлэл хийдэг байгууллагатай харьцуулахад илүү урт хугацаанд ашигтай ажиллахаас гадна энэ давуу талаа урт хугацаанд хадгалдаг гэсэн үр дүнг харуулсан байдаг бөгөөд бизнес загварын шинэчлэлтэй холбоотой судалгааны ажил хомс байдал нь энэ судалгааны ажлыг хийх үндэслэл болсон.
Хувьсамтгай, хурдан өөрчлөгдөж буй болон өрсөлдөөн ширүүсэж буй бизнесийн орчинд өрсөлдөх чадвар, гүйцэтгэлээ сайжруулах болон хадгалан үлдэхэд бизнес загварын шинэчлэл нь чухал бөгөөд үүнд нөлөө үзүүлэгч олон хүчин зүйлс байдаг хэмээн олон судалгааны ажлуудад дурьдсан байдаг боловч хангалттай эмпирик судалгааны ажлууд харьцангуй бага хийгдсэн байдаг. Гадаад хүчин зүйлсийн хувьд макро орчны хүчин зүйлс болох өрсөлдөөн, технологийн дэвшил, зах зээлд гарч буй өөрчлөлтийг авч үздэг боловч бизнес загварын шинэчлэл бий болоход илүү фирмийн түвшний хүчин зүйлс буюу соёл, бүтэц, манлайлал, байгууллагын инерци болон байгууллагын удирдлагын арга барил гэх мэт хүчин зүйлс илүү нөлөө үзүүлдэг гэж дүгнэсэн. Ялангуяа эдгээр хүчин зүйлсээс удирдлагын хандлага буюу байгууллагын энтрепренер хандлагын чухал хүчин зүйлсийн нэг хэмээн сүүлийн 5 жилд хийгдсэн судалгааны ажлууд дурьдагдах болсон юм. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд бизнес загвараа шинэчлэж буй үүнд энтрепренер хандлага хэрхэн нөлөө үзүүлж буйг судлах, тодорхойлох шаардлага гарч ирсэн.
Монголын улсын хувьд инновацийн индексээрээ дэлхийд дунджаас дээгүүр буюу 58 дугаар байрт эрэмлэгдсэн бөгөөд эдийн засгийн үзүүлэлтээрээ ойролцоо улсуудтай харьцуулахад илүү инновацлаг байдал сайтай хэмээн дүгнэгдсэн. Судалгаанд нийт 320 хүн хамрагдсан бөгөөд зорилтот судалгааны бүлгийн хувьд бизнесийн байгууллагын дээд түвшний болон дунд түвшний удрирдлагын түвшний 265 оролцогчдоос түүврээ бүрдүүлэн энтрепренер хандлагын хувьд Миллер/Ковин болон Слевиний 3 хувьсагч - шинэлэг байдал, санааачлагатай байдал, эрсдэл гаргах байдлын хэмжүүрээр бизнес загварын шинэчлэлийг байгууллагуудын хувьд үнэ цэнэ бүтээх, хүргэх болон авах гэсэн хэмжүүрээр шкалан асуулгаар хамаарлыг судлаж бизнес загварын энтрепренер хандлага буюу хувьсагчууд нь бизнес загварын шинэчлэлтэй эерэг хамааралтай хэмээн таамаглалыг дэвшүүлэн шинжилгээ хийсэн. Шинжилгээний үр дүнд энтрепренер хандлагын 3 хэмжүүр бүгд эерэг хамааралтай бөгөөд тухайн бизнес загварын шинэчлэлийн өөрчлөлтийн 50.1 хувийг тайлбарлаж байна хэмээн үр дүнг харуулсан. Вариацын шинжилгээг салбар, байгууллагын хэмжээ, үйл ажиллагаа явуулсан жилээр нь авч үзэхэд тайлбарлагдахуйц статистик ач холбогдолтой үр дүн мөн гараагүй болно.