Хураангуй:
НӨАТ-ын суурийг чөлөөлөхөд үйлдвэрлэгчдийн татварын дараах орлого нэмэгдэх сайн талтай хэдий ч төсвийн зарлагын санхүүжилт дутагдах сөрөг үр дагаврыг бас араасаа дагуулдаг. Бий болсон дутагдлыг санхүүжүүлэхдээ зээлийн эх үүсвэрийг ашиглах нь хувийн секторын хөрөнгө оруулалтыг бууруулах нөлөөтэй болохыг тайлбарлаж, ерөнхий үр дүнг нэгтгэхдээ ямар хүчин зүйлсийг харгалзах учиртайг тодорхойлсон болно.
Гадаад улс орнуудтай харьцуулан судлахад НӨАТ нь Азийн орнуудад дунджаар 11.6 хувь, Америк, Номхон далайн орнуудад дунджаар 13.34 хувь, Африкийн орнуудад 16 хувь, Европын улсуудад дунджаар 19.97 хувь байна. НӨАТ-ын хувь дэлхийн дунджаар 15.43 хувь байгаа нь манай улсынхтай харьцуулахад 5.43 хувиар өндөр байна. Латви Улс бараа үйлчилгээний онцлогоос шалтгаалж 5-21 хувийн хооронд НӨАТ ногдуулдаг бол БНСУ, Тайвань, Латви Улсуудын татварын орлогод эзлэх НӨАТ-ын хувийн жин ерөнхийдөө ойролцоо 20-27 хувийн хооронд байна. Тайванийн хувьд НӨАТ-ын хувь харьцангуй бага, 5 хувь байгаа нь НӨАТ-ын нийт татварын орлогод эзлэх хувийг нь бага болгоход нөлөөлсөн гэж дүгнэж болно. Монгол Улс болон дээрх 3 улсын ДНБ-ийн өсөлт нь хол зөрөөгүй ба 2.63-4.26 хувийн хооронд байгаа нь улс орнууд өөр өөрсдийнхөө эдийн засгийн онцлогт тохирсон төсөв, татварын бодлого хэрэгжүүлдэгтэй холбоотой.
Энэхүү судалгаанаас манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг эзэлдэг эцсийн хэрэглээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулдаг тул энэхүү татвар нь төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, тоо хэмжээ нь харьцангуй тогтвортой, өндөр ач холбогдолтой болох нь харагдана. Түүнчлэн, нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлт нь жил дараалан нэмэгджээ. Тухайлбал сүүлийн 4 жилийн туршид НӨАТ-ын чөлөөлөлтийн ДНБ-д эзлэх хэмжээ нь 2.3 хувиас 4.3 хувь болж өссөн бол төлөгдвөл зохих байсан НӨАТ-т эзлэх хувь нь 29 хувиас 42 хувь болж өсжээ. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр НӨАТ-ын чөлөөлөлт нь үйлдвэрлэгчдэд эерэг таатай боломжийг олгожээ.