Хураангуй:
Зах зээлд оролцогчдын тоон үзүүлэлтийг авч үзвэл 2019 оны 6 сарын байдлаар
нийт идэвхтэй арилжаанд оролцогч 50 сая гаруй байсан бол 2021 оны 2 сарын байдлаар
100 сая хүрч 2 дахин нэмэгдсэн бөгөөд энэхүү шинэ төрлийн санхүүгийн хэрэгслийн
хэрэглээний өсөлт манай улсын хөрөнгө оруулагч нарт мөн адил ажиглагдаж,
криповалютын арилжаанд оролцох тоо нэмэгдэж байгаа бөгөөд тухайн зах зээлийн
талаар мэдлэг, туршлагагүй тул хөрөнгөө алдах тохиолдол цөөнгүй байна. Үүнд хөрөнгө
оруулагч нарын зан төлөвийн онцлог, түүнтэй холбоотойгоор илэрч буй зан төлөвийн
гажуудал нөлөөлж байна гэж таамагласан тул энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв.
Зан төлөвийн санхүүгийн шинжлэх ухаан нь уламжлалт санхүүгийн шинжлэх
ухаанаас ялгаатай нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг хүний зан төлөвийн
төөрөгдөлтэй холбон тайлбарладаг.
Зан төлөвийн санхүүгийн шинжлэх ухааны онол, хандлага болон судалгааны
ажлуудтай танилцахад нийтлэгээр хөрөнгө оруулагчийн зан төлвийг хадгалагч,
цуглуулагч, бие даагч, дагагч гэж дөрвөн ангилалд ангилж тухайн зан төлөвт илэрдэг
зан төлвийн гажуудлыг тодорхойлсон байна. Судалгааны ажлын хүрээнд цуглуулсан
мэдээллүүдээ боловсруулах замаар криптовалютын арилжаанд оролцогч нарын хөрөнгө
оруулалтын шийдвэр гаргалтад нөлөөлж буй зан төлөвийн гажуудлыг тодорхойлох
анкетын асуулгыг боловсруулав.
Судалгааны ажилдаа Монгол улсад криптовалютын арилжаанд оролцож буй
хөрөнгө оруулагч нарыг онлайн платформ ашиглах замаар хамруулж зан төлөвийг
илэрхийлэх өгөгдлийг цуглуулж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөөлж буй
хүчин зүйлсийг тодорхойлсон.
Судалгааны үр дүнд криптовалютын арилжаанд оролцогч хөрөнгө оруулагч нарт
нийтлэгээр хамгийн их дагагч зан төлөв илэрсэн бөгөөд тухайн зан төлөвт илэрдэг шинэ
мэдээ мэдээлэлд хэт хариу үзүүлэх гажуудал өндөр байна.
Энэхүү монгол улсын хөрөнгө оруулагч нарыг хамарсан судалгаан үр дүн нь
бусад улс оронд гүйцэтгэгдсэн криптовалютын арилжаанд оролцогч хувь хөрөнгө
оруулагч нарын зан төлөв тодорхойлох судалгааны үр дүнтэй ижил төсөөтэй байна
Харин монгол улсын хувьцаанд хөрөнгө оруулагч нарыг хамарсан судалгааны үр
дүнтэй харьцуулахад криптовалютын арилжаанд оролцогч хувь хөрөнгө оруулагч нарт
нийтлэгээр илэрч буй дагагч зан төлөв нь хувьцаанд хөрөнгө оруулагч нартай
харьцуулахад илүү их илэрч байгаа бол бие даагч зан төлөв нь хувьцаанд хөрөнгө
оруулагч нарт илүү өндөр илэрсэн байна.