Хураангуй:
Компанийн зорилго нь явуулж байгаа үйл ажиллагаатайгаа харилцан хамааралтай байх учиртай. Зорилго нь тухайн компанийн хувьд газар, хэлтэс, алба, хэсэг бүр дээр ижил түвшинд, нарийн дэс дараалсан уялдаа холбоотойгоор, үр дүн өгөөжтэйгээр, хэмжиж тооцож болохуйц байх ёстой. Компанийн зорилгын биелэлтийг үнэлж болох тогтолцооны нэг хэлбэр нь дотоод хяналт. Энэхүү дотоод хяналтыг хамгийн оновчтой байдлаар хэрэгжүүлэх боломж нь МТ-н дотоод хяналт бөгөөд тэр дундаа Кобит 5 загварт үндэслэсэн МТ-н дотоод хяналт юм.
Кобит 5 загвар бол компаниудын “Үнэ цэнээ өсгөх” зорилгын хүрээнд “Үр дүнгийн биелэлт”, “Эрсдэлийг оновчтой тодорхойлох”, “Нөөцийг оновчтой хуваарилах” гэсэн гол шаардлагуудыг хангаж ажиллах, МТ-н засаглал болон удирдлагын үндсэн суурь, хяналтын тогтолцоог бий болгох үйл явц бүхий систем.
Компанийн засаглалд гүйцэтгэх удирдлагын зорилго, үүрэг голлох байр суурийг эзэлдэг бол МТ-н засаглал үүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь болж байдаг. Энэ утгаараа өнөөгийн нөхцөлд МТ-н засаглалын бүх бүрэлдэхүүн хэсгийг нэг дор нэгтгэж харах, хянах, эрсдэлийг үнэлэхийн тулд кобит 5 загварыг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Кобит 5 загварыг хэрэгжүүлснээр тухайн компаниудад төслийн менежмент, бүтэц, МТ-н үйлчилгээний менежмент, инженеринг хөгжүүлэх зэрэг олон төрлийн МТ- н стандарт болон түүнд хамаарах ажлуудыг хэрэгжүүлж, сайжруулах боломжууд гарч байдаг. Энэ боломжийг ашиглан аливаа компани нь газар, хэлтэс, алба, хэсгийн үүргийн процессын багцыг стандартчилах давуу талтай.
Кобит 5 загвар нь МТ-н эрин үед хэрэгжүүлж буй Мэдээлэл технологийн засаглалыг зохицуулах, хэрэгжүүлэх маш сайн суурь хэрэгсэл бөгөөд үүнийг төрийн өмчит “ЭТТ” ХК-н жишээн дээр МТ-н дотоод хяналтын тогтолцоог загварчлах, түүнд нийцүүлж эрх зүйн орчныг боловсронгуй болгох шийдлийг гаргах нь цаашид олон талын ач холбогдолтой гэж харж байна.