Хураангуй:
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр байгаль орчны бохирдлын асуудал ноцтойгоор
хөндөгдөж байгаатай холбогдуулан “Тогтвортой байдал” буюу “Sustainibility” гэх
ойлголт 1980-аад оны эхээс өдгөөг хүртэл яригдсаар байна. Уг ойлголтын гол философи
бол ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хангах чадварыг алдагдуулахгүйгээр өнөөгийн
хэрэгцээг хангах явдал юм.
Хувцас үйлдвэрлэлийн салбар нь дэлхийн цэвэр усыг бохирдуулагч гуравдах том хүчин
зүйл юм. Томоохон хувцас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ олноор нь үйлдвэрлэхийн
тулд түүхий эдээ химийн аргаар боловсруулдаг ба үүнд маш их хэмжээний ус
шаардагддаг байна. Үүнээс гадна үйлдвэрлэлийн явцад хууль бус хөдөлмөр эрхлэлт
зэрэг хэрээс хэтэрсэн асуудал болдог төдийгүй дэлгүүрээс хэрэглэгчийн гарт очсон
бүтээгдэхүүн эргээд байгаль орчныг бохирдуулах үндэслэл болсоор байна. Үүнээс
улбаалан “Тогтвортой хувцас загвар”(Sustainable fashion) гэх бие даасан ойлголт хөгжиж
байна. Тэгвэл, Улаанбаатар хотын залуучууд буюу 16-40 насны хүмүүсийн хувцас
худалдан авах ерөнхий зан төлөв, мөн хувцас худалдан авах шийдвэрт тогтвортой
хөгжлийн үзэл санааны хандлага нөлөөлж буй байдал, тогтвортой хувцас загварын
талаарх ойлголтын түвшин болон байгальд ээлтэй хандлагыг тодорхойлох зорилго тавин
уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
Судалгааны аргазүйн хувьд судлаач Ajzen-ий боловсрулсан TPB буюу төлөвлөгдсөн зан
төлөвийн загвар дээр үндэслэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ өмнө хийгдсэн
судалгааны бүтээлд тулгуурлан ном зүйн тойм хийж гүйцэтгэсэн болно. Улаанбаатар
хотын 6 дүүргийн 16-40 насны хүн амын хүрээнд тогтвортой хөгжлийн үзэл санааны
хандлагыг нийт 6 хувьсагч бүхий ... хувьсагчдаас бүрдсэн асуулгын судалгаагаар
тодорхойлсон болно. Хэрэглэгчийн хувцас худалдан авах шийдвэрт байгальд ээлтэй
хандлага, хувийн хэм хэмжээ, бусдын нөлөөлөл, хүлээн зөвшөөрөгдсөн эрсдэл
нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлэн судалсан.