Хураангуй:
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэлхий нийтийн хүн амын эрүүл мэнд төдийгүй, улс орнуудын эдийн засагт их хэмжээний хүндрэл авчирч байна. Урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлыг даван гарахад зориулан тэдгээр хууль зүйн үүрэг, хариуцлагаас түр чөлөөлөгдөх заалтууд зөвхөн олон улсын эрх зүйд төдийгүй хөрөнгө оруулалт, хүний эрхийн дүрэм журмууд, бүр шашны журамд, эртний хууль журмуудад хүртэл байдаг. Олон улсын түвшинд олон томоохон худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүд хэвийн эдийн засгийн үйл ажиллагаа болон аюулгүй байдлын хоорондох зайд нөлөөлөхөөр аюулгүй байдлын арга хэмжээ авч болохоор онцгой нөхцлийн зохицуулалтууд агуулж байдаг. Тэдгээр онцгой нөхцлийн зохицуулалтыг ашиглах гол нөхцөл нь улс орны үндэсний аюулгүй байдалд нь аюул заналхийлсэн буюу онцгой нөхцөл үүссэн байх юм.
Ковид-19 цар тахал дэлхийн бүх л улс орнуудыг тодорхойгүй хугацаагаар хүнд хямралд оруулж байгаа тул улс орнууд хамгаалалтын хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл болон импортыг нэмэгдүүлж, нөгөө талд зарим улс орнууд тэдгээр бараанд экспортын хориг эсвэл хязгаарлалт тавьсан. Түүний үр дүнд олон улсын худалдаа болон олон улсын худалдааны эрх зүйн одоогийн зохицуулалт хооронд асуудал үүсэж байна. Хэдийгээр ДХБ, ЕХ-ны хэлэлцээрүүд, бусад олон талт болон хоёр талт гэрээ, хэлэлцээрүүд бүгд экспортын хоригийг хориглодог боловч тодорхой хэмжээний онцгой нөхцлийн зохицуулалтуудыг агуулдаг. Цар тахал олон улсын худалдааны эрх зүйд аюулгүй байдал, онцгой байдлын зохицуулалтууд учир дутмаг байгааг харуулж байна. Цар тахлын дараа олон улсын хэмжээнд уламжлалт бус аюулгүй байдалд учирч болох аюулуудыг хамарсан үр дүн бүхий хямралын менежмент өргөн хүрээний шинэ стратеги шаардлагатай болоод байна.
Тиймээс энэ судалгааны ажил Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон томоохон хоёр талт гэрээнүүдэд цар тахлын талаар эрх зүйн ямар зохицуулалтууд хийснийг судалж, манай орны хувьд олон улсын худалдааны эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалгаа шинжилгээ хийж дүгнэлтийг гаргаж, санал боловсруулсан болно.