Хураангуй:
Өнөөгийн бизнесийн салбарт томоохон хүч түрэн орж ирсэн салбар бол шууд худалдааны бизнес буюу "DIRECT SELLING" билээ. 21-р зуунд дэлхийн олон улс оронд шууд худалдааны бизнес өргөн тархсан ба Монгол улсад ч мөн адил олны дунд эрчээ аваад буй. Энэхүү судалгааны ажил нь "Шууд худалдааны бизнест татвар ногдуулах" нөхцөл боломж болон түүнийг сайжруулах арга замыг "Амвей"-н бизнес эрхлэгчдийн жишээн дээр суурилан тодорхойлох зорилготой юм. Ингэхдээ шууд худалдааны бизнесийн тухай болон Монгол улсын татварын тухай онолын судалгааг хийж, зарим асуудлуудыг тодорхойлон, шууд худалдааны бизнесийн салбарын судалгааг хийж гүйцэтгэлээ. Мөн анкетын болон асуулга судалгааны аргыг ашигласан ба судалгааг цахимаар асуулга авах хэлбэрээр Монгол улсад шууд худалдааны бизнес эрхлэгч 194 хүнээс энгийн санамсаргүй түүврийн арга ашиглан цуглуулсан болно. Анкетыг боловсруулахдаа чанарын болон тоон мэдээлэл цуглуулах замаар 3 бүлэг, 13 асуулттайгаар боловсруулсан бол асуулгыг нээлттэй асуулгын хэлбэрээр бэлтгэн судалгааг авч, гарсан өгөгдөлд тодорхойлолтын статистик аргыг ашиглан дүн шинжилгээ хийв. Судалгааны үр дүнгээр судалгаанд хамрагдагсдын дийлэнх хувь нь "Амвей" бизнесээс олсон орлогоосоо татвар төлдөггүйг тодорхойлсон ба энэ нь бизнес эрхлэгчдийн татварын талаарх мэдлэг болон татварын талаарх үүргээ ухамсарлаагүйгээс үүдэлтэй хэмээн дүгнэсэн болно. Мөн дэлхийн бусад улс орнууд шууд худалдааны бизнест татвар хэрхэн ногдуулж буй талаар "Амвей" корпорацын жишээн дээр суурилан хоёрдогч өгөгдлөөс мэдээлэл цуглуулан харьцуулан шинжилж, үр дүнг тайлагнахад дэлхийн бусад улс орнууд өөрийн улсын онцлогт тохируулан ялгаатай аргаар татвар ногдуулж байгаа ч ХХОАТ-ыг татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ерөнхий хандлагатай байгаа нь харагдав. Мөн "Амвей" шууд худалдааны бизнес эрхлэгч иргэний 2021 оны 3 дугаар сард олсон орлого болон худалдан авсан бараа бүтээгдэхүүнд үндэслэн ХХОАТ, НӨАТ, ГТ-ын хэмжээг тус тус тооцоолж, татварын эрсдэлийг тодорхойлсон болно. Ийнхүү судалгааны үр дүнг нэгтгэн бэлтгэж, санал зөвлөмжийг боловсруулав.