Хураангуй:
Албан бус хөдөлмөр эрхлэлт нь чухал үзүүлэлт бөгөөд статистикийн үр дүнгээс зарим зүйлсийг олж харж чадахгүй. Ямар бүлгийн, хэдэн настай, ямар боловсролтой хүмүүс ихэвчлэн албан бус салбарт ажиллаж байна вэ, үүний учир шалтгаан нь юу байна вэ гэдгийг тодорхойлохын тулд судалгаандаа дараах таамаглалуудыг дэвшүүлж байна (1) Албан бус секторт ажиллах үеийн ажлын цаг их, (2) боловсролын түвшин бага тул албан секторт ажиллах боломж хомс, (3) гэрийн ажил болон хүүхэд харах, настай болон өвчтэй хүн асрах цаг их байх тусам албан бус хөдөлмөр эрхлэх магадлал өндөр байна, (4) аж ахуй нэгжийн хэмжээ бага буюу хамт ажиллах хүний тоо бага байх тусам албан бус хөдөлмөр эрхлэх магадлал өндөр байна, (5) мөн албан хөдөлмөр эрхэлдэг хүн албан бус хөдөлмөр эрхэлдэг хүнээс өндөр орлоготой байна гэж таамаглаж байна. Зорилгодоо хүрэхийн тул статистикийн шинжилгээний аргууд, ОХЗР-ийн шинжилгээ, логистик регрессийн шинжилгээний аргуудыг ашигласан бөгөөд STATA 14.2 программ хангамжийн тусламжтай үнэлгээгээ хийсэн болно. Ингээд албан бус хөдөлмөр эрхэлдэг хүний ам бүлийн тоо дунджаар 4, насны хувьд 38 орчим настай, дунджаар 5 хүнтэй хамт ажилладаг, 3.6 жил албан бус хөдөлмөр эрхэлж байгаа, дундаж орлого 479,000 төгрөг, 7 хоногт 57 цаг ажилладаг, ар гэртээ зарцуулах цаг дунджаар 16.72 байв. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 10 хувь нь 40,000-с бага орлоготой байсан бол 50% нь 400,000-с бага хэмжээний орлоготой байна. Эмэгтэйчүүдийн орлого эрчүүдийнхээс бага байна. Гэрлэсэн хүмүүс нь ганц бие хүмүүсээс илүү цалин авдаг. Огт боловсролгүй хүнтэй харьцуулахад боловсролын зэрэг 1-р нэмэгдэх тусам цалингийн хувьд нөлөөлөх нөлөөлөл нэмэгдэж байна. Хотын хүмүүс албан бус хөдөлмөр эрхлэх магадлал хөдөө орон нутгийн хүмүүсээс их байна. Боловсролын түвшин нэг шатаар дээшлэх тутамд хүмүүсийн албан бус хөдөлмөр эрхлэлт буурч байна. Огт боловсролгүй хүнтэй харьцуулахад дээд болон түүнээс дээш боловсролтой хүн албан хөдөлмөр эрхлэх магадлалт харьцаа өндөр болж байна. Ар гэртээ зарцуулах цагийн хэмжээ өсөх тусам албан бус хөдөлмөр эрхлэх магадлал өсч байна гэсэн үр дүнд хүрлээ.