Хураангуй:
Санхүүгийн аюулгүй байдал нь санхүүгийн системийн бүх элементүүд нь бодит болон болзошгүй дотоод, гадаад аюулаас хамгаалагдсан байдал юм. Энэхүү аюулын нэг хэлбэр нь санхүүгийн хямрал бөгөөд энэ нь бодит эдийн засгийн хямралд хүргэж, улс орны эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг учраас санхүүгийн аюулгүй байдал нь улсын эдийн засагт маш чухал үүрэгтэй. Энэхүү судалгааны ажил нь санхүүгийн аюулгүй байдлын индексийг оновчтой байдлаар байгуулах, дүн шинжилгээ хийхийг зорьсон. Энэ нь Монгол улсын санхүүгийн системийн аюулгүй байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар үнэлэлт, дүгнэлт хийж, цаашид тохиолдож болох санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой. Санхүүгийн системд нөлөөлөгч 13 хувьсагчдыг үндсэн бүрдлийн шинжилгээний арга зүйг ашиглан, үндсэн бүлгүүдэд жин тооцож, Монгол улсын санхүүгийн аюулгүй байдлын индексийг байгуулсан. Судалгааны үр дүнд, санхүүгийн аюулгүй байдлын индекс 2004 оны 1-р улирал, 2009 оны 2-р улирал, 2017 оны 2-р улирлуудад хамгийн бага цэгүүддээ хүрсэн бөгөөд 2008 оны 1-р улирал, 2011 оны 1-р улирал, 2013 оны 2-р улирал, 2018 оны 4-р улирлуудад санхүүгийн систем хамгийн аюулгүй үедээ байсан. Монгол улсын санхүүгийн аюулгүй байдалд олон улсын санхүүгийн хямрал нөлөөлдөг бөгөөд энэхүү индекс нь санхүүгийн мөчлөг дагах шинж чанартай байв.