Хураангуй:
Байгалийн баялагтай улс орнуудад баялгаас бий болох орлогыг тэгш, хүртээмжтэй хуваарилж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход орлогын дахин хуваарилах механизм буюу эрдэс бүтээгдэхүүний татвар, төсвийн үр ашигтай удирдлага ихээхэн чухал билээ. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд төсвийн дүрмийн зохицуулалт, институцийн чанарыг нухацтай авч үзэж, нарийвчлан судлах болжээ. Энэхүү судалгааны хүрээнд Монгол улсын төсвийн институцийн орчин, уул уурхайн салбарын орлогыг эдийн засгийн тогтвортой өсөлтөд чиглүүлэхэд төсвийн институцийн чанар хэрхэн нөлөөлж буйг тодруулахыг зорилоо. Судалгаагаар ОУВС-ийн 2010 оны төсвийн институцийн чанарыг тодорхойлох хоёр хэмжээст арга зүйд тулгуурлан төсвийн институцийн индексийг дахин тооцоолсон бөгөөд өнгөрсөн хугацаанд хийгдсэн хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн нөлөөгөөр индексийн утга эрс сайжирчээ. Гэсэн хэдий ч төсвийн тусгай шаардлага буюу дүрэм, түүний хэрэгжилтэд удаа дараа нэмэлт өөрчлөлт орж байгаа нь дүрмийн тууштай байдлыг алдагдуулах хандлагатай байна. Түүнчлэн төсвийн тусгай шаардлагын биелэлт хангалтгүй, уул уурхайн салбарын орлого нь төсвийн эмзэг байдлыг нэмэгдүүлж байгаа нь тус салбарын өсөлтийн төсвөөр дамжин эдийн засагт үзүүлэх нөлөөллийг сааруулж байна. Уул уурхайн салбарын бусад салбарын өсөлтөд төсвөөр дамжин үзүүлэх нөлөөг харуулахын тулд бага дунд орлоготой улсуудын хувьд эконометрик үнэлгээ хийлээ. Үнэлгээний дүнд уул уурхайн салбар нь бусад салбарын өсөлтийг сааруулах хандлагатай бөгөөд төсвийн институц сайтай байснаар тэрхүү сөрөг нөлөөллийг бууруулах эерэг нөлөөтэй ажээ.