Хураангуй:
Тогтвортой хөгжлийн асуудлууд нь дан ганц байгаль орчны асуудлаар хязгаарлагдалгүй, хүн төрөлхтний цаашид оршин тогтнох эсэхтэй холбоотой ойлголт болжээ. Тогтвортой хөгжлийг цогцлооход бүхий л түвшний, олон талт оролцоо шаардагдаж, тэр дундаа аливаа улсын эдийн засгийн хөгжлийг чиглүүлэгч санхүүгийн салбарын үүрэг оролцоо чухал юм. Уг асуудлын хүрээнд тогтвортой санхүү, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт, БОНЗ-ын шалгуур үзүүлэлт зэрэг олон нэр томьёолол, онолын ойлголтууд олон улсын түвшинд хөгжиж, үүнд чиглэсэн судалгаа шинжилгээний ажлууд хурдацтайгаар нэмэгдэж байгаа ч манай улсын хувьд эдгээр ойлголтын талаарх судалгаа шинжилгээ, зохицуулалтын бодлого, практикт ашиглах арга хэрэгслүүд төдийлөн хөгжөөгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын гол үндэслэл болж байна. Энэхүү судалгааны ажлаар тогтвортой санхүү, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт, БОНЗ-ын хүчин зүйлийн онолын ойлголтууд нь олон улсын түвшинд хэр хэмжээнд хэрэгжиж буйг өөрийн орны туршлагатай харьцуулан судлах замаар цаашид хөгжүүлэн, практикт ашиглах боломжийн талаар мөн үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зарчмыг тусгаснаар компанийн үнэ цэнэ урт хугацаандаа хэрхэн нэмэгдэж болохыг АПУ ХК-ийн жишээн дээр судалсан болно.