Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд дотоод аудитын онол арга зүй болоод хөгжлийн чиг хандлагыг судалсны үндсэн дээр сонгон авсан байгууллагынхаа өнөөгийн эрсдэлд суурилсан дотоод аудитын ажлын нөхцөл байдлыг үнэлж, улмаар тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, дотоод аудитын ажлын эрх зүйн байдлыг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх санал зөвлөмжийг боловсруулан гаргах юм.
Дотоод аудит нь сайн засаглалыг тодорхойлох томоохон хүчин зүйл бөгөөд байгууллагын зорилгын биелэлт, үйл ажиллагааны зорилгод саад болох шалтгааныг илрүүлж, одоогийн бодит байдлыг тогтоосноор түүнийг залруулах үр дүнтэй аргын тухай зөвлөмж гаргах үйл ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой арга хандлагаар байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл явцуудын үр нөлөөтэй байдлыг үнэлж, сайжруулахад туслах үүрэгтэй юм.
Манай улсын хувьд төсөвт байгууллагын дотоод аудитын тогтолцоог боловсронгуй болгох нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, Засгийн газрыг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад нь дэмжлэг болно. Дотоод аудитын үйл ажиллагаа нь улсын салбарт үр дүнтэй хэрэгжиж эхэлсэнээр төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, төсөвт байгууллагын ил тод байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.