Хураангуй:
Сүүлийн үед санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн хугацааны цувааны өгөөжийн тархалтыг загварчилж таамаглах нь сонирхол татсан асуудлуудын нэг болоод байна. Эдгээрийг тайлбарлахдаа ихэвчлэн, ерөнхий нөхцөлд авторегресс хетероскедастик /GARCH/ моделийг ашиглан өгөөжийн тархалтыг үнэлдэг бол энэхүү ажилд арай өөр загварыг ашиглан тайлбарлах болно.
Энэхүү судалгаанд төлөв байдлын огторгуйн загварыг ашиглан ханш, хувьцаа, инфляци зэрэг санхүүгийн болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн эрсдэлийг хэмжих буюу вариац, хэлбэлзэлийг тодорхойлно. Энэ зарвар нь шокийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ, болон ерөнхий үйл явцын төлөв байдал зэрэг динамик системийн хувьсагчуудын далд үйл явцыг тодорхойлох боломжыг олгох юм.
Төлөв байдлын огторгуйн загварыг EURUSD хослолын ханшин дээр ашиглан ханшийн өгөөжийн шокыг тайлбарласанаар ханшийг удирдах, таамаглах боломжтой болно. Төлөв байдлын огторгуйн загвар нь үнэлэгдэж буй коэффициентийг хугацааны туршид тодорхой процессын дагуу хувьсах зарчимтай гэж тусган авч үздэг тул ханшийн хөдөлгөөнийг тайлбарлахад тохиромжтой.
Мөн хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнийг загварын дагуу үнэлж өгөөжийн эрсдэлийг тодорхойлох зорилготой. Эхлээд Монголын хөрөнгийн зах зээлий дурын хоёр бүтээгдэхүүнийг авч үнэлгээ хийсэн. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь загварын хувьд нийцгүй байх боломжтой. Учир нь Монголын хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүний үнэ болон өгөөжүүд нь онол, загваруудтай нийцгүй байх тохиолдол өндөр байдаг тухай олон судалгаа бий. Тиймээс нэмж Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр худалдаалагддаг дурын хоёр бүтээгдэхүүнийг авч мөн үнэлгээг хийсэн. Загварын хувьд хөрөнгийн үнийн эрсдэл дээр үнэлгээ хийх нь валютын хэлбэлзэл дээр үнэлгээ хийхээс арай өөр байна.
Мөн огторгуйн төлөв байдлын загварыг макро эдийн засагт ашиглахдаа инфляцийн хөдөлгөөнийг тайлбарлах боломжтой. Инфляцийг урьдчилан таамаглах нь аливаа шийдвэр гаргахад чухал байдаг тул түүний прогнозыг мөн хийсэн.