Хураангуй:
Хүний хөгжлийн индекс бол дэлхийн улс орнуудын хөгжлийн үзүүлэлтийн нэг билээ. Харин хүний хөгжлийн индексийг тухайн улс орны түвшинд дундаж наслалтын индекс, нэг хүнд оногдох ҮНО-ын индекс, боловсролын индекс гэсэн 3 индексээр тооцдог. Эдгээр 3 индекс нь хүний хөгжлийн ерөнхий хандлагыг харуулдаг хэдий ч дундаж наслалт нэмэгдэх, үндэсний нийт орлого өсөх зэрэг нь хүний хүмүүн капиталаас ихээхэн хамааралтай байдаг. Харин хүмүүн капитал нь боловсрол болоод ажлын дадлага туршлагаар дамжиж бий болдог. Гэвч боловсролын түвшин нь тухайн салбарын сургагч багш, сурах үйл явцад оролцогч оюутан, сурагчдын хамтын ажиллагааны үр дүнгээр тодорхойлогддог байна. Оюутан, сурагчийн олж авсан мэдлэг, чадвар, дадлыг хичээл заагч багш нь семинар, бие даалт, тест, эсээ бичих зэрэг ажлуудаар дамжуулан үнэлдэг ерөнхий тогтсон жишиг дэлхийн улс орнуудын бүх шатны сургуульд байдаг билээ. Монгол Улсад ахлах сургуулийн сурагч бүр төгсөхийн өмнө улсын шалгалт өгдөг ба мөн төгссөний дараа элсэлтийн ерөнхий шалгалт өгч элсэлтийн шалгалтын оноогоор эрэмбэлэгдэж өөрийн сонирхож буй мэргэжлээр Их, дээд сургуульд элсэн ордог уламжлал зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс тогтоод өдий 30 орчим жил болжээ. Харин сурагчдын шалгалтын материалын асуултууд хэр оновчтой байсан, сурагчдын мэдлэгийг үнэн зөв үнэлж чадсан эсэх зэргийг шалгахын тулд Боловсролын үнэлгээний газраас төрөл бүрийн шинжилгээг хийж байгаа билээ. Эдгээр үнэлгээний арга, аргачлал нь шалгалтын материалын оновчтой байдал, асуултуудын хоорондын хамаарал болоод оюутны ерөнхий мэдлэгийн түвшинг зохистой үнэлж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд олон төрлийн арга, арга зүйг ашиглах шаардлага зүй ёсоор тавигдсаар байна. Мөн их, дээд сургуульд сурч буй оюутанд олгож буй ойлголт, ухагдахууныг оюутнууд ямар түвшинд эзэмшсэн, асуултууд нь хэр хүнд, хөнгөн байсан, цаашилбал ямар ойлголт, ухагдахууныг оюутнууд дутуу эзэмшиж байна вэ? зэрэгт хариулт өгөхүйц арга, аргачлалыг ашиглан гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлууд хангалттай түвшинд хийгдэхгүй байна. Ийм учраас дээрх асуултуудад хариулт өгөхийн тулд даалгаврын хариу үйлдлийн онолын арга зүйн асуудлуудын хүрээнд бакалаврын зэрэг горилох дипломын ажлаа гүйцэтгэсэн болно.