Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар төслийг амжилттай хэрэгжүүлэхэд төслийн удирдагчийн нөлөө, оролцооны хувь хэмжээг тодорхойлж, түүний манлайллын ур чадварын талаар илүү ойлголт өгч, судалгаанд суурилсан санал зөвлөмж боловсрууллаа.
Судалгааны ажилд төслийн тодорхойлолт, түүний ангилал, төрөл зэргийг нарийвчлан дурдсан бөгөөд төслийн менежмент, төслийн амжилт болон бүтэлгүйтлийн талаар дэлгэрэнгүй The Standish Group-ийн CHAOS -ийн судалгааны ажилд тулгуурлан тайлбарлаж, дэлхийд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилт, гарсан үр дүнг үндэслэн төслийг амжилтад хүргэж буй үндсэн 5 шалтгааныг тодорхойлсон. Үүний 3 шалтгаан нь төслийн удирдагчийн ур чадвар бөгөөд судалгааны санал асуулгад ашигласан. Улмаар онолын талаас төслийн удирдагч, удирдагчийн манлайлал, түүний хэв маяг, шинж чанар, манлайллын үе шат, түвшин зэргийг судалгаанд дэлгэрэнгүй оруулсан.
Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаадын зээл, тусламжийн төслүүдийн өнөөгийн байдал болон 2019 оны төсвийн жилд хэрэгжсэн төслүүдийг хөгжлийн түнш байгууллага, төсвийн ерөнхий захирагчаар нь ангилан 4 үндсэн чиглэлийн хүрээнд хуваан ажлын гүйцэтгэл, холбогдох мэдээллийг цуглуулсан болно.
Түүнчлэн, судалгааны санал асуулга боловсруулж, төслийн удирдагчийн манлайлал төслийн амжилтад нөлөөлж буй хүчин зүйлс, төслийн амжилтад манлайлал хэрхэн нөлөөж буй байдал, одоо хэрэгжиж байгаа төслүүдийн удирдагчийн манлайллын ур чадварын үнэлгээ болон төслүүд амжилттай хэрэгжиж чадах эсэх талаар тандан салбарын 100 гаруй мэргэжилтнүүдээс санал авсан болно.Үүнд:
1. Олон улсын судалгаа, онолд дурдсан төслийн удирдагчийн манлайллын 11 хүчин зүйлүүдээс гол 5 буюу хүний нөөцийг мэдрэх, зөв хуваарилах, харилцаа холбоо сайн байлгах, улс төрийн мэдрэмжтэй байх, хэрэгцээг ойлгох, үнэлэх, төлөвлөх, багийн гүйцэтгэлийг хянах зэргийг хамгийн чухал гэдэг нь тогтоогдсон. Төслийн удирдагчийн манлайлал гэдэг нь багийн гишүүд, бусад хамааралтай хүмүүсийн зан төлөвт нөлөөлөн төслийн зорилгод хүрэн төслийг амжилттай хэрэгжүүлдэг байна. Улмаар төслийн удирдагчийн манлайлал төслийн амжилтад нөлөөлдөг нь батлагдсан.
2. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүдийн удирдагчийн манлайллын ур чадварыг харилцаа холбоо сайн, улс төрийн мэдрэмжтэй, зөөлөн удирдах арга барилтай, амархан ойлголцож, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, ажлын гүйцэтгэл сайн, удирдлагын манлайлал сайн гэж төрийн захиргааны төв байгууллагууд болон төслийн ажилтнууд үнэлсэн.
3. Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүд төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа амжилттай дуусаж чадна гэж дүгнэсэн байна.