Хураангуй:
Монгол Улсын хувьд банкны салбар үүсч хөгжөөд олон жилийг ардаа орхисон боловч бүтээгдэхүүн ажил үйлчилгээнийхээ өртгийг оновчтой зөв тооцоолох, түүндээ суурилан удирдлагын түвшинд шийдвэр гаргах, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг асуудал хангалттай түвшинд судлагдаагүй байна. Үүнээс үндэслээд банк санхүүгийн байгууллагын зардлын бүртгэлийг оновчтой төлөвлөх, түүн дотроо бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг зөв тооцох шаардлага тулгараад байна. Иймд Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг тооцож буй өнөөгийн байдалд судалгаа хийж, онол арга зүйн дагуу санал зөвлөмж боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино. Судлагдахууныг бодит орчинд шууд ажиглаж болохуйц байсан тул мэдээллийг цуглуулахдаа ажиглалтын арга, тэмдэглэл хөтлөх арга, бүтэцчилэгдээгүй ярилцлага, анкетийн аргыг ашиглан тандалтын судалгааг хийсэн. Судалгааны түүврээр Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 4 арилжааны банкны санхүү бүртгэл, удирдлагын түвшний нийт 15 экспертүүдээс анкет болон ярилцлагын аргаар судалгааг авсан.
Банкны бүртгэл хөтлөлтийн талаар онол арга зүйн ном сурах бичиг цөөн тоогоор байгаа боловч уг сурах бичгүүдэд өртөг тооцох асуудлыг тусгаж өгөөгүй байна. Иймээс манай улсын арилжааны банкууд одоо ашиглаж байгаа уламжлалт өртөг тооцох аргачлалыг халж, үйлдэлд суурилсан өртөг тооцох аргачлалаар бүтээгдэхүүнийхээ өртгийг тооцох цаг болсон гэж судлаач оюутан хүний хувьд харж байна.