Хураангуй:
Манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаатай холбоотой барилгын салбар ч дагаад өссөн үзүүлэлттэй байна. Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан мэдээгээр, улсаас хэрэгжүүлж буй барилга угсралттай холбоотой ажил үйлчилгээнд зарцуулах мөнгөн дүн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тогтмол дүнгээр өссөнийг харж болно. Манай улсын барилгын салбар цаашид өсөх хүлээлттэй байгаа ба засгийн газраас 2029 он хүртэл барилгын салбарыг хөгжүүлэх бодлого баримталж байна. Уг бодлогын хүрээнд барилгын салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа учир, 2029 оныг хүртэл жил тутамд, тогтмол өсөлттэй байна гэж таамаглаж байгаа билээ. Тиймээс байшин барилгын гол тулгуур түүхий эд болох бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж, улмаар зах зээлд шинэ өрсөлдөгчид нэмэгдэх болно. Өрсөлдөөн нэмэгдэх нь сайн хэдий ч, хөрөнгө оруулалт нэмэгдэхээс үүдэж, олон үйлдвэр, барилгын компаниуд байгуулагдаж, тооцоолол дутуу хийснээс болж, зах зээлд байр сууриа олж чадалгүй, дампуурах тохиолдол их байдаг. Үүнээс шалтгаалж, барилга угсралт, барилгын түүхийн эд боловсруулдаг компаниуд санхүүгийн төлөвлөлтийг, тэр дундаа, ашгаа зөв тооцоолж чадвал зах зээлд эзлэх хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой билээ.
Миний сонгож авсан байгууллага нь 2013 оноос хойш үйл ажиллагаагаа эрхэлж буй бетон зуурмаг үйлдвэрлэдэг компани юм. Цаашдаа барилгын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр өрсөлдөгч байгууллагууд ч мөн адил нэмэгдэх боломжтой байна. Тиймээс компанийн ашгийн төлөвлөлтийг сайжруулах арга замыг судлахдаа барилгын салбарыг онцолж, уг салбарт хөрөнгө оруулалт болон шинэ өрсөлдөгч нэмэгдэнэ гэж үзсэнээр, сонгож авсан "Х" компанийн жишээн дээр тухайн компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх санхүү болон ашгийн төлөвлөлтийг сайжруулах арга замыг тодорхойлж санал зөвлөмж боловсруулсан болно.