Хураангуй:
Сүүлийн жилүүдэд техник технологийн хөгжил эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд бүхий л салбарын хөгжил нь мэдээллийн технологитой салшгүй холбоотой болсоор байна. Монгол улсын хувьд мэдээллийн технологийн салбар нь тогтмол өсч байгаа хэдий ч үйл ажиллагаагаа явуулаад удаагүй шинэхэн компаниуд олон байгаа нь харагдаж байна. Харин манай орны СЗЗ-ийн дийлэнх хувийг нь банкны салбар эзэлж байгаа бөгөөд МТ-ийн компани биет хөрөнгө багатай, томоохон мөнгөн дүнтэй санхүүжилт шаардлагатай зэргээс хамаараад зээлээр санхүүжих нь хүндрэлтэй юм. Тиймээс уг салбарт оновчтой санхүүжилтийн асуудал гол анхаарах зүйлсийн нэг болоод байна. Компанийн бонд гаргаж санхүүжилт босгосноор банкны зээлээс харьцангуй бага өртөгтэйгөөр хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олох боломжтой ба тухайн компани олон нийтэд танигдах зэрэг сайн талуудтай юм.
Уг судалгааны ажлын хүрээнд бондын зах зээл болон мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал, холбогдох хууль журам, эрх зүйн орчинг судалж, бонд гаргасан компаниудыг судалж, олон улсын туршлага болоод үр дүнд шинжилгээ хийж бонд гаргахтай холбоотой давуу тал, тулгарч байсан асуудлуудыг тодорхойлсон. Монгол улсын хувьд компаниуд болон хөрөнгө оруулагчид нь бондын зах зээлийн талаарх мэдлэг дутмаг байгаа тул компанийн бондын давуу тал, бонд гаргах шалгуур зэргийг нарийн мэддэг болж, компанийн нэр хүнд болоод үйл ажиллагаагаа иргэдэд илүү таниулж чадвал хөрөнгө оруулагчид нэмэгдэх, оновчтой санхүүжилт татах, нөгөө талаараа өндөр өгөөж хүртэх боломж нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Энэхүү салбар нь биет бус хөрөнгө дээр тулгуурладаг тул мэдээллийн технологийн бондод эрсдэлд дуртай хөрөнгө оруулагчид голчлон хөрөнгө оруулах хандлагатай байна гэж үзэж байна. Мөн олон улсын хөрөнгийн зах зээлийн туршлагаас харахад мэргэжлийн зэрэглэл тогтоох байгууллага нь ихээхэн ач холбогдолтой байдаг тул дотоодын мэргэжлийн зэрэглэл тогтоох байгууллагыг хөгжүүлэх шаардлагатай юм.