Хураангуй:
Төслийн санхүүжилт нь аливаа улс оронд, ялангуяа Монгол Улс шиг хөгжиж буй оронд маш ирээдүйтэй салбар буюу хөрөнгө оруулалтын хэлбэр юм. Тиймээс энэхүү салбарын хөгжилд багахан хэмжээнд ч болов хувь нэмрээ оруулахыг хичээлээ. Төслийн санхүүжилт гэдэг нь өөрөө Монгол Улсын хувьд харьцангуй шинэлэг ойлголт учраас судалгааны ажлын онолын хэсэгт өндөр ач холбогдол өгч, төслийн санхүүжилт гэдэг ойлголтыг болон Монгол Улсад хэрхэн хэрэгцээтэй байгааг хялбарчилсан байдлаар аль болох тодорхой бичихийг зорилоо. Судалгааны ажлын хүрээг давагдашгүй хүчин зүйл гэдэг иргэний эрх зүйн сонгодог ойлголтоор тодорхойлсон шалтгаан нь гэрээний зорилгод хамгийн чухал онолуудын нэг юм. Гэрээг үүрэг үүсгэх гэсэн ганц зорилготой байгуулж буй бол давагдашгүй хүчин зүйл нь тэрхүү үүргийг биелүүлэхгүй бөгөөд эс үйлдэхүйнхээ төлөө хариуцлага хүлээхгүй нөхцөл байдлыг үүсгэдэг хууль зүйн боломж билээ. Тиймээс үүнийг харьцангуй бага судлагдсан боловч Монгол Улсын амин чухал салбарт хэрхэн зохицуулж байгааг олон улсын жишигт хэрхэн зохицуулдагтай харьцуулж, судалгааны ажлын дүгнэлтэд үндэслэн санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно.