Хураангуй:
Банкны хөгжил нь шинжлэх ухаан, технологийн ололт, даяаршлын орчинд уялдан нэн эрчимтэй өрнөж, өнөөдөр маш өргөн хүрээг хамарч байна. Банк нь санхүүгийн зах зээлд гол байр суурийг эзэлж, санхүүгийн зах зээлд оролцогчдын төлөв байдал, үйл хөдлөл үйл ажиллагаанд нь тасралтгүй нөлөөлж, стратегийн шийдвэр гаргалтанд энгийн логик сэтгэлгээ, зөн билигтээ тулгуурлах ямар ч боломжгүй болжээ. ХХ-XXI зууны заагт банк санхүүгийн салбарын удирдлагад мэдлэгийн менежмент, тоон шинжилгээний гэх мэт шинжлэх ухааны аргууд өргөн нэвтэрсэн нь стратегийн шийдвэр гаргалтын хувьд тэдэнд нэг талаас маш том давуу тал, нөгөө талаас их эрсдэл буй болгож байна.
Банкны стратеги болон үйл ажиллагааны шийдвэрт компьютер симуляцийн арга, загварууд нэвтэрч, тодорхой бус орчинд оновчтой шийдвэр гаргах нөхцөл нэмэгдэж буй өнөө үед манай орны банкууд (1991 оноос) шинжлэх ухааны арга, загварчлалыг ашиглах чадавх харьцангуй сул байдалтай байна. Үүнд үүсч хөгжсөн туршлага, улс төр эдийн засгийн орчин голлох нөлөөтэй хэдий ч учирч болох аливаа эрсдэлийг зөв тооцож шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх нь онцгой ач холбогдол бүхий цаг үед тулж ирээд байгаа билээ. Иймд энэхүү судалгааны ажилд банкны үндсэн үйл ажиллагаа болох зээл болон хадгаламжийн багцад оновчлолын арга нэвтрүүлэхийг зорьсон болно.