Хураангуй:
Монгол улс 1990-ээд оны эхэн үеэс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин эдийн засгийг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, үнэ, ханшийг чөлөөлөх, улсын өмчийг хувьчлах зэрэг бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ. Эдгээр үйл явцтай уялдан өмчийн олон хэлбэр үүсэхийн зэрэгцээ санхүүгийн тогтолцоо ч өөрчлөгдөн олон тооны жижиг, дунд хэмжээний банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгалын компаниуд, хөрөнгийн бирж байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар 1991 оны эхээр МХБ-ийг байгуулан, 1992 оноос өмч хувьчлах ажлыг эхлүүлж, улсын үйлдвэрийн 475 газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлсэн. Эдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр, МХБ-ээр дамжуулан ард иргэдэд эзэмшүүлсэн. МХБ байгуулагдан 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч хөгжиж буй ижил төстэй орнуудтай харьцуулахад хөрөнгийн зах зээлийн хэмжээ, хөрвөх чадвар, дэд бүтцийн хувьд хоцрогдолтой байна. Хөгжингүй орнуудын хувьд санхүүгийн зах зээлийн 40 гаруй хувийг хөрөнгийн зах зээл, 40 орчим хувийг мөнгөний зах зээл, 20-30 орчим хувийг бичил санхүү, даатгалын зах зээл эзэлдэг. Хөрөнгийн зах зээл, банкны сектор болон санхүүгийн бусад салбарын харьцаа тэнцвэртэй байснаар улс орны хөгжлийг тэтгэх боломж нэмэгддэг. Хөрөнгийн зах зээлээс аж ахуйн нэгжүүд банкны зээлийн хүүнээс бага өртөгтэй, урт хугацаат санхүүжилт татан ашиглах боломжтой байдаг боловч, манай улсын хувьд уг зах зээлийн хөгжлөөс шалтгаалан аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтынхаа ихэнх хувийг (95 орчим хувь) банкны өндөр хүүтэй, зээлийн эх үүсвэрээр бүрдүүлж байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжил сул байгаатай холбоотойгоор бодит эдийн засгийн өсөлтийг дэмжих урт хугацаат, өртөг багатай санхүүжилтийн суваг хязгаарлагдмал, эдийн засгийн өсөлтийн хүртээмж бага, хөрөнгийн үнэлгээ сайн хөгжөөгүй тул хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орж чаддаггүй, уул уурхайгаас бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт харьцангуй бага орж ирдэг, хөрөнгө оруулалт байдлаар орж ирэх валютын урсгал их биш зэрэг олон сөрөг үр дагавруудыг үүсгэж байна. Үнэт цаасны зах зээл нь хөрөнгө оруулалтын урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэрийг үр ашигтай хэлбэрээр татах боломжийг олгодог санхүүгийн зах зээлийн ач холбогдолтой институци юм. Үнэт цаасны зах зээл хөгжихөд шийдвэрлэх нөлөө бүхий даатгал, тэтгэвэр, эрүүл мэнд, боловсролын сангууд хөгжиж төлөвшөөгүй, үнэт цаасны зах зээлд оролцогчдын хариуцлага сул, үнэт цаас гаргагч компаниудын мэдээлэл нээлттэй, ил тод биш, засаглалын механизм сул байна. Түүнчлэн манай орны хүн амын үнэт цаасны мэдлэг дулимаг, аж ахуйн нэгжийн тоо цөөн, санхүүгийн бололцоо боломж муу, техник технологи нь хөгжингүй улс орнуудтай харьцуулахад сул хөгжилтэй, үндэсний бүтээгдэхүүний хэмжээ болон зах зээлийн багтаамж харьцангуй бага, үндэсний хуримтлалын эх үүсвэр хомс, санхүүгийн тогтолцоо бүрэн, сайн бүрдээгүй зэрэг нь мөн нөлөөлдөг. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн хүрээнд хөрөнгийн зах зээлд оролцогчдыг бодлогоор дэмжих, санхүүгийн мэдлэг боловсролыг сайжруулах, тэдэнд тохиолдох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга механизмыг боловсронгуй болгох шаардлагатай байна.