Хураангуй:
Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны төлөвшил, хөгжлийн түвшинд түүний суурь
харилцаанд голлон оролцогч ашгийн төлөөх хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааны
тогтвортой байдал ихээхэн нөлөөлдөг. Ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа явуулах бүтэц, зохион байгуулалтын олон төрөл, хэлбэр байдаг ч тэдгээрийн дотроос хамгийн өргөн хэрэглэгддэг нь компаний бүтэц, зохион байгуулалт1 юм. Компаний бүтэц зохион байгуулалт нь дан ганц эрхзүйн зохицуулалтаас хальж, компаний стратеги удирдлагын арга хэрэгсэл болсон бөгөөд эдгээрийг нэгдсэн цогц систем байдлаар харуулах нь нийтлэг болжээ. Энэ нь, нэг талаас зөвхөн тухайн нэг компаний асуудал төдий биш, нийт оролцогч талуудын эрх ашиг, нөгөө талаас даяаршиж буй нийгмийн асуудал болоод байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнууд төдийгүй, олон улсын байгууллагуудын
хэмжээнд 1999 онд анх батлагдаж, улмаар 2004 онд нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (цаашид ЭЗХАХБ гэх)-аас баталсан “Компаний хамтын засаглалын зарчим”-уудыг хүлээн зөвшөөрөх хандлага түгээмэл (СЗХ, 2007) болжээ. Эдгээр зарчим, стандартууд нь нийтлэг эрхзүйн зохицуулалтаас гадна, амьдрал дээр үр дүнгээ харуулсан ёсзүйн хэм хэмжээг агуулсан бөгөөд үүнийг компаний удирдлага зохион байгуулалтын зарчмууд буюу “Компаний засаглалын кодекс” гэж нэрлэсэн байдаг. Компаний засаглалын кодекс нь хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчид, бизнесийн түншүүд, ажиллагчид зэрэг оролцогч талууд болон компаний удирдлагын ашиг сонирхлын нэгдлийн зохистой харьцааг тогтоож,компаний үйл ажиллагааг эрхлэн явуулах гадаад, дотоод таатай орчныг бий болгон, компаний удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөл (цаашид ТУЗ гэх), гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны зохистой горимыг тогтоодог.