Хураангуй:
Дэлхийн эдийн засгийн хямралын оргил үед санхүүгийн технологийн зах зээл маш хүчтэй импульс авсан. Шинэ технологи цаг ямагт хэт их хүлээлтийн дор байдаг ба зарим нэг нь гайхшрал төрүүлнэ, зарим нь олон хүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж амжсан байдаг. Финтек нь бидний амьдралын хэв маягийг хурдацтай өөрчлөхөөс гадна бизнес эрхлэгчдийн хувьд өмнөх арга барил ажиллах зарчмаа шинэ нөхцөл байдалтай уялдуулан өөрчилж өмнөхөөсөө илүү бүтээлч шинэлэг байхыг шаардаж байна. Манай улсын иргэд болон бизнесийн байгууллагууд сүүлийн үед финтекийн талаар ихээр сонирхох болсон боловч санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутмаг ба үүнээс үүсч болох эрсдэлийн талаар судалгаа шинжилгээ дутагдсаар байна. Олон улсын туршлагаас хархад хууль эрх зүйн орчин хамгийн чухал бөгөөд хууль зүйн дүн шинжилгээ дээр онцгой анхаарч ажиллалаа.
Инноваци дэлхийн эдийн засгийг өөрчилж байна. Шинэ технологийг хүн бүр ашиглах боломжтой, хямд өртөгтэйн дээр хамгийн гол нь өндөр үр ашигтай. Иймд улс орнууд инновацийн төвүүдийг хөгжүүлэх, чадавхжуулахад ихээхэн анхаарч байна. Бидний амьдарч буй шинэ эринд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны компаниуд (start-ups) шуугиан тарьж, маш хурдацтай үйл ажиллагаагаа тэлж байна.
Энэхүү судалгааны ажил нь финтек түүний үндсэн ойлголт, төрлүүд, түүний зохицуулалтын талаар судлах, зохицуулалтын болон практик алхмыг цаг алдалгүй тодорхойлж, хэрэгжүүлэх болон гадаад орны туршлагуудыг судлан учирч болох эрсдэлүүдийг тодорхойлж, банк санхүүгийн байгууллагад ямар ашигтай вэ? Мөн ямар эрсдэл дагуулж буйг судалж бууруулах арга замыг олоход оршино.