Хураангуй:
Дипломын ажлын хүрээнд монголын хөрөнгийн зах зээл дээрх арилжааны явцыг зан төлвийн санхүүгийн ойлголтоор тайлбарлах үндэслэл байгаа эсэхийг судалж цаашлаад хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргалтанд сэтгэлзүйн хэд хэдэн төөрөгдлүүд нөлөөлж болохыг хувьцааны арилжаанд хувиараа оролцож байгаа хөрөнгө оруулагчдаас судалгаа авах замаар тодорхойллоо. Арилжаанд оролцогчид хувьцааны шинээр гарч буй мэдээлэлд хэт хариу үзүүлж ханшийн огцом өөрчлөлт бий болгож байгааг хуримтлагдсан дундаж ахиу өгөөжийг тооцох замаар олсон. Харин хэт хариу үзүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг буюу хөрөнгө оруулагчдын зан төлвийн онцлогийг тодорхойлохын тулд урьдчилан тогтоосон 7 төрлийн сэтгэлзүйн төөрөгдлийг судлах зорилгоор хувьцааны арилжаанд оролцож байгаа хөрөнгө оруулагчдаас анкетаар судалгаа аваад, арилжаанд оролцсон жилээс хамааруулж туршлагатай ба туршлага багатай гэсэн 2 бүлэгт хуваан шинжилгээний хэсгийг гүйцэтгэсэн. Шинжилгээний үр дүнд хөрөнгө оруулагчдын дунд төлөөллийн төөрөгдөл, зангууны төөрөгдөл, сэтгэхүйн зөрчлийн төөрөгдөл, гэмшлээс зайлсхийх төөрөгдөл нийтлэг ажиглагдаж байгааг тогтоосон.