Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд АНУ-ын Чикаго хотод сурч, ажиллаж амьдарч
буй Монгол залуусын дунд үйл ажиллагаа явуулах зорилготой “Мэдээлэл, Хөгжлийн
Төв” байгууллагыг байгуулах бизнес төлөвлөгөөг боловсруулах юм.
Өнөө үед дэлхийн аль ч улс оронд залуучуудын хөгжлийн асуудалд төрийн
байгууллагаас эхлээд олон нийт, иргэний нийгэм, судлаачид онцгой анхаарч байна. Жил
ирэх тусам гадаад улс орнуудыг зорьж буй залуусын тоо нэмэгдсээр байгаагаас үүдэн
тэднийг гадаад улс орнуудад сурч, ажиллаж амьдрахад нь зөвөөр чиглүүлэх, хэрэгцээт
мэдээ мэдээллээр хангах, хоорондоо хамтран ажиллах, бие биенээсээ суралцах,
туршлага солилцох боломжийг нь бүрдүүлэх, сурч хөгжихөд нь туслах, нийгэм дэх
оролцоог нь бодитоор дэмжих албан ёсны байгууллага, төвүүдийг бий болгох шаардлага
бий болсоор байна.
Уг шаардлагад үндэслэн энэхүү бизнес төлөвлөгөөгөөр АНУ-ын Чикаго хот дахь
Монгол залууст чиглэсэн Залуучуудын байгууллага байгуулахтай холбоотой боломжит
судалгаануудыг хийж, байгууллагын стратеги төлөвлөгөө, маркетинг, үндсэн үйл
ажиллагаа, хүний нөөц болон санхүүгийн төлөвлөлтүүдийг боловсруулсан болно.