Хураангуй:
Монгол улсын эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбарын өсөлт тодорхойлж байгаа энэ үед уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа тэлж, санхүүжилтийн олон төрлийн механизмыг ашиглах оролдлого хийж байна. Олон улсад уул уурхай тэр дундаа хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд олон төрлийн бэрхшээлтэй тулгарч байгаагийн нэг нь тухайн орон нутгийн иргэдтэй ойлголцох, нийгмийн бүх төрлийн оролцогч талуудтай ойлголтоо нэгтгэж улмаар тухайн бизнесээс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд компаниуд, хувийн хэвшлийн нэгж бизнесүүд гарц хайсаар байгаа юм. Үүний тод жишээ бол Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголд алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци 2018 онд МХБ-д cross-listing хийх буюу давхар бүртгүүлж санхүүжилт татах замаар орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн явдал байлаа. Тэр дундаа ердөө 2 их наяд гаруй төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй МХБ-д анх удаа Торонтогийн хөрөнгийн биржид үндсэн бүртгэлтэй компани давхар бүртгэл хийлгэсэн тохиолдол нь онолын хувьд гарцаагүй компанийн үнэлгээ, нэр хүнд, хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байсан эсэх, нөгөө талаас гагцхүү зардал өндөр хэдий ч орон нутгийн иргэдэд давхар бүртгэлийг ашиглан хувь хүртээх замаар ойлголцлыг бэхжүүлэх зорилготой байсан эсэхийг хувь судлаачийн хувьд шалгаж үзэх гол хөшүүрэг боллоо. Иймд ялангуяа УУХҮЯ болон АМГТГ-аас хайгуулын салбарыг дэмжиж тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлж байгаа энэ үед хайгуулын төслийг ашиг сонирхлын зөрчилтэйгээр гацаах, зогсоох оролдлогын эсрэг авч хэрэгжүүлж буй дээрх компанийн бодлого хэр оновчтой бөгөөд компанид үр өгөөжтэй байсан эсэхийг онолын арга аргачлал ашиглан судалж дараагийн хайгуулын төсөл хэрэгжүүлж буй компанийн шийдвэр гаргалтад нөлөөлж болохуйц үр дүн гаргах нь миний судалгааны ач холбогдлыг тодорхойлох болно.