Хураангуй:
Монголчууд бид хөрсөн дороо эрдэнэсээр дүүрэн газар нутгийн эзэн болсон
азтай, хувьтай хүмүүс. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Монголын говьд уул
уурхайн хөрөнгө оруулалтын томоохон, цоо шинэ үе эхэлсэн нь Тавантолгой орд юм.
Энэхүү орд газрын байгалийн баялгийг ард иргэддээ хүртээхээр 2010 онд ЭТТ ХК-ийг
байгуулж иргэн бүрд 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн түүхтэй.
Тухайн үеийн засгийн газар ЭТТ ХК-ийн хувьцааг ард иргэддээ эзэмшүүлэхдээ
хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосон байдаг. Тиймээс хувьцааны
одоогийн зах зээл дэх үнэлгээ хэд байх вэ? Иргэд хувьцаагаа яах вэ? гэсэн асуултанд
хариулт өгөх, 2 сая 500 мянган хувьцаа эзэмшигч иргэдэд суурь судалгаа болох мэдээлэл
энэ цаг үед шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлыг бичих болсон үндэслэл
болсон юм.
ЭТТ ХК нь 2019 оны 9 дүгээр сард гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр
хувьцааныхаа 30 хүртэлх хувийг арилжаалах тухайгаа мэдэгдсэн. Тиймээс хоёрдахь зах
зээл нээгдэхээс өмнө компанийн эдийн засгийн нөхцөл байдлыг судалж хорогдуулсан
мөнгөн урсгалын загварыг ашиглан бизнесийн үнэлгээг олон улсын үнэлгээний
стандартад нийцүүлэн ил тод, бодитой үнэлж хувьцаа эзэмшигч иргэд болон аж ахуйн
нэгж, хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад туслах санал,
зөвлөмж боловсруулахад уг судалгааны ажлын зорилго оршино.
Монгол улсын эдийн засаг, Уул уурхайн салбар, ЭТТ ХК-ийн өнөөгийн байдлыг
судалж, компанийн гадаад орчны шинжилгээг PESTLE шинжилгээний арга ашиглан
хийснээр бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлсийг тохируулга хийх замаар
бизнесийн үнэлгээг хорогдуулсан мөнгөн урсгалын загвараар тодорхойлохоор энэхүү
судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.