Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар улс төрийн дэглэмийн өөрчлөлтийн нөлөө буюу авторитар дэглэмээс ардчилалд шилжих нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг харуулсан. Ингэхдээ бид хөгжиж буй, ардчилсан дэглэмтэй, байгалийн баялагтай гэсэн үзүүлэлтүүдийг хангасан нийт 18 орныг сонгон авч 1981-2017 онуудын өгөгдөлд суурилж үнэлсэн. Эдгээр улс орнуудын ардчилалд шилжсэн хугацаа нь ялгаатай төдийгүй улс бүр өөрийн онцлогтой тул бид хугацааны ерөнхий хандлагаар тооцсон. Панел үнэлгээгээр ардчилалд шилжсэнээр нэг хүнд ногдох жилийн дундаж өсөлт 1-3 хувийн эерэг нөлөө харуулсан ба улсууд ардчилалд шилжихээс өмнөх жилүүдэд өсөлт багасаад эргэн урт хугацаандаа нэмэгдэж буй “J” хэлбэрийн муруйг харуулдаг. Эцсийн үр дүнд ардчилал нь эдийн засгийн өсөлт, хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг.