Хураангуй:
Дэлхий дахинд агаарын тээвэр хурдацтай хөгжиж, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт оруулах хувь нэмэр нь өсөхийн хэрээр агаарын тээвэрлэгчид нислэгийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааны зардлыг бууруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн илүү хямд үнэтэй нислэгийн тийзийг санал болгох, агаарын хөлгийн парк шинэчлэлдээ дэвшилтэт техник, технологи инновацыг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын нөлөөгөөр бизнесийн нэгдлүүд бий болж улмаар агаарын тээвэрлэгчдийн бизнесийн загварууд хурдацтайгаар хөгжих үндсэн суурь болсон ба зах зээлийн хүчтэй өрсөлдөөнтэй тулгарсан бүрэн үйлчилгээтэй агаарын тээвэрлэгчид тийзийн үнийн багцаас ачаа тээшний хураамж, суудлын сонголт зэргийг салган үйл ажиллагааны зардлыг бууруулж эхэлжээ.
Southwest Airlines 1970 оноос анхны бага өртгөөр тээвэрлэгчийн бизнесийн загвараар нислэг үйлдсэн ба 2000 оноос бага өртгөөр тээвэрлэгчид Европын холбооны улс орнуудын олон улсын нислэгийн сүлжээг бүхэлд нь бүрхэн, агаарын тээврийн зах зээлд хүчтэй нөлөөллийг үзүүлжээ. Өнөөгийн байдлаар 200 орчим бага өртгөөр тээвэрлэгчид дэлхийн өнцөг булан руу нислэг үйлдэж, агаарын тээврийн зах зээлийн 29%-ийг дангаар эзэлж байна. Олон улсын судалгаанаас үзэхэд бага өртгөөр тээвэрлэгч агаарын тээврийн зах зээлд нэвтэрснээр зөвхөн хямд үнийг санал болгох гэхээсээ илүүтэй тухайн улс орнуудын эдийн засаг, аялал жуулчлалд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Тухайлбал хөгжиж буй орнуудын нисэх буудлуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж, алслагдсан бүс нутгийн нисэх буудлуудыг сэргээх, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд голлон нөлөөлжээ.
Манай улсын хувьд дотоодын бага өртгөөр тээвэрлэгч хараахан хөгжөөгүй ба нэр томьёоны тодорхойлолт, үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй байгаа нь цаашид энэ төрлийн агаарын тээвэрлэгчийг дотооддоо бий болгон хөгжүүлэх шаардлага урган гарч байгаа тул энэхүү судалгааны ажил нь цаг үеэ олсон, агаарын тээврийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой бүтээл болсон гэдэгт илтгэлтэй байна.