dc.description.abstract |
Энэхүү судалгаагаар хөдөө аж ахуйн салбарын экспертүүд, гол тоглогчдын чиг хандлагыг судалсны үндсэн дээр ХААБ-д дериватив арилжааг нэвтрүүлэх суурь нөхцлийг шинжилж, тулгамдаж буй асуудлууд, боломж бололцоо, давуу талуудыг тодорхойлон, салбарын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн дериватив хэрэгслийн оновчтой загвар, шийдлийг санал болгохыг зорьсон.
Судалгааны зорилгодоо хүрэхийн тулд ярилцлага, асуулгын аргаар анхдагч өгөгдөл цуглуулах, макро болон микро түвшинд хоёрдогч өгөгдлийг цуглуулж, задлан шинжлэх аргачлалаар судалгааг голчлон явуулсан бөгөөд хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн биржийн туршлага, олон улсад хийгдсэн судалгаанд харьцуулалт хийхийн зэрэгцээ ярилцлагын аргаар биржийн удирдлага, мэргэжилтнүүд, салбарын гол тоглогчидын чиг хандлагыг судалж, SWOT шинжилгээний аргаар ХААБ-д дериватив хэрэгслийг нэвтрүүлэх суурь нөхцлийг шинжилсэн.
Ярилцлага болон зах зээлийн судалгааны үр дүнд дериватив арилжааны суурь бүтээгдэхүүнээр ноолуурыг сонгож, биржид ноолуурын фьючерсийн арилжааг нэвтрүүлэхтэй холбогдуулан үйлдвэрлэл эрхлэгчид, малчид хоршоод, брокеруудын чиг хандлагыг асуулгын аргаар судалж, арилжааны загвар схем боловсруулсан.
Шинжилгээний үр дүнгээс харахад эдийн засгийн сэргэлт үргэлжлэх төлөвтэй, суурь бүтээгдэхүүн болох ноолуурын зах зээлийн багтаамж их, зах зээлийн идэвхи, үнийн хэлбэзэл өндөр зэрэг үзүүлэлтүүд нь дериватив арилжаа нэвтрүүлэхэд давуу талтай байгаа хэдий ч зах зээлийн гол тоглогчид энэ талаар ямар ч ойлголт, мэдээлэлгүй, арилжаанд оролцох идэвхи, сонирхол бага, эргэлтийн хөрөнгийн хомсдолоос улбаалан дотоодын ченжүүд болон Хятадын худалдан авагчдаас хараат байдалд орсон, бараа, түүхийн эдийн дериватив арилжааны талаар тусгай хуулийн зохицуулалт байхгүй, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн чадавхи сул, агуулах, тээвэр, ложистикын хөгжил шаардлага хангаагүй, мөн дериватив арилжааны үндэс суурь болсон арилжаа, төлбөр тооцооны цогц систем байхгүй зэрэг асуудлууд илэрсэн нь өнөөгийн нөхцөлд биржид ноолуурын фьючерсийн арилжаа нэвтрүүлэх боломж бололцоо хараахан бүрдээгүй байгаа нь нотлогдсон. Судалгааны хүрээнд дериватив арилжаа нэвтрүүлэх урьдач нөхцлүүд, ноолуурын фьючерсийн арилжаа нэвтрүүлэхэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, арилжааны загвар схемийг боловсруулсан. |
en_US |