Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Англи хэлний сургалтын төвүүдийн одоогийн нөхцөл байдлыг үнэлэн, зах зээл дээр байршсан брэндээ ашиглан шинэ зах зээлд хувийн дунд сургууль байгуулах төслийн хүрээнд хийгдсэн судалгаа юм.
Орчин үед мэдлэг, боловсрол эзэмшихыг зөвхөн бага дунд сургуулиар дамжин, дээд боловсрол олж авах процесс гэж авч үзэхээс гадна өнөөдөр бид бүхний өмнө тулгамдаад байгаа нэгэн асуудал бол даяарчлагдаж байгаа орчин үед “Англи” хэлтэй байх шаардлагыг ажил олгогчоос эхлээд гадаадын нэр хүндтэй их дээд сургууль цаашлаад аялаж, амарч зугаалахад хүртэл Англи хэл шалгуур үзүүлэлт болсон явдал юм.
Энэхүү эрэлт хэрэгцээг дагаад богино хугацааны англи хэлний сургалт дамжаа, Англи хэл дээр хичээл нь явагддаг хувийн хэвшлийн сургуулиуд, англи хэлний багш мэргэжилтэн бэлтгэх их дээд сургуулиуд зах зээлд олноор бий болох болсон. Богино хугацаат сургалтын үйл ажиллагаа явуулдаг Англи хэлний сургалтын төвүүдийн хувьд үйл ажиллагааны цикл богино, улирлын нөлөөлөл ихтэй, мөнгөн урсгал тогтмол бус, зах зээлийн өрсөлдөөн ихтэй, глобалчлагдаж буй энэ үед хэрэглэгчид маш олон сонголтоос сонгон гадаад хэлийг сурах өргөн боломж нээгдсэн бөгөөд богино хугацааны сургалтнаас илүүтэйгээр урт хугагаацаат сургалтыг ихээр сонирхох болсон явдал юм.
Боловсролын салбар тэр дундаа богино хугацаат сургалтын үйл ажиллагаа явуулдаг Англи хэлний сургалтын төвүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлон гаргах, зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчдийн зан төлөв болоод зах зээлд байршсан нэр хүндээ ашиглан уялдаатай Брэнд өргөжилт хийн, үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлэх боломжийг нээн илрүүлэхэд энэхүү судалгааны ажлын зорилго оршино.
Өргөжилт хийх нь байгууллагад олон талын ач холбогдолтой бөгөөд байгууллагын ашигт ажиллагаа сайжрах, нөлөөлөх чадвар нэмэгдэх, эрсдлээ тараан байршуулах, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах зэрэг олон боломжууд нээгддэг. Брэнд өргөжилт хийснээрх санхүүгийн үр ашгийн тооцоололтыг хийсэн бөгөөд энэхүү төслөөс олох өгөөж нийт орлогоос зардлыг хассан дүнгээр эхний 3 жилийн турш дахь ашгийн хувь 36%-51% хүртэл өсөх боломжтой гэсэн үр дүн гарсан. 3 жилийн хугацаан дахь борлуулалтын өсөлт 10,4%, зардлын өсөлтийн хувь дунджаар 1,2% байгаа нь ашгийн хувь жил ирэх тусам өндөр болж байгааг харуулж байна.
Нөгөө талаараа өргөжилт хийх нь өсөлтийн стратегиудаас хамгийн эрсдэлтэй гэж тооцогддог хэдий ч сонгон авсан Жэт Трак компани зах зээлд 24 жилийн туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан, нэр хүндтэй, туршлагатай гэсэн имиджийг бүрдүүлснээрээ зах зээлд амжилттай өргөжилт хийх боломжтой гэж үзсэн.
Шинэ зах зээлд брэнд өргөжилтийг амжилттай нэвтрүүлэхэд шаардагдах анхны хөрөнгө оруулалтын шаардлагатай санхүүжилтыг 3 эх үүсвэрээс авах боломжтой гэж үзэн, капитал төсөвлөлтийн аргачлалууд ашиглан тухайн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийг үнэлэхэд төсөл ашигтай гэж үзэж болохоор үр дүн гарсан.