Хураангуй:
“Олон улсын нэгдмэл тайлагналын зөвлөл” (ОУНТЗ) 2009 онд байгуулагдаж,
2013 оноос “Нэгдмэл тайлагналын үзэл баримтлал”-ыг гарган мөрдүүлж эхэлсэн.
ОУНТЗ-ийн гишүүн орнууд нь заавал тайлагнахаар хуульчлах эсвэл нэгдмэл
тайлагналгийн үндсэн үзэл баримтлалыг жилийн тайланд мөрдүүлэх зэргээр
тайлагналыг нэвтрүүлж байна. Нэгдмэл тайлагнал бол өөрийн гэсэн үзэл
баримтлалтай (стандарт) орчин үеийн тайлагналын шинэ хэлбэр юм. Нэгдмэл
тайлагнал нь санхүүгийн болон санхүүгийн бус бүхий л мэдээллийг багтаасан
байдаг. Энэ нь компанийн бодлого, стратеги, засаглал, гүйцэтгэл, ирээдүйн хэтийн
төлөв, нийгмийн хариуцлага, хүрээлэн буй орчиндоо үзүүлж буй нөлөөлөл зэргийг 6
капиталаар дамжуулан, компанийн үр дүнг тодорхойлж өнгөрсөн түүх, ирээдүйн чиг
хандлагыг илтгэсэн товч тодорхой мэдээ мэдээлэл бүхий тайлан юм. Энэхүү судалгааны гол зорилго бол МХБ-д бүртгэлтэй уул уурхайн 19
компанийн мэдээллийн ил тод, нээлттэй байдалд (МИТНБ) үнэлгээ хийж дүгнэн
тайлагналын шинэ хэлбэрийг санал болгож МИТНБ-ыг сайжруулахад хувь нэмрээ
оруулахад оршино. Судалгаанд хамрагдсан компаниудын үнэлгээний үр дүнгээс харахад МИТНБын үнэлгээ 40 оноо байхаас компаниуд дунджаар 18 оноо авч нийт дүнгээрээ 9% ,
ЖҮАТ-гийн агуулгад хийсэн контент анализын оноо 266 байхаас 75 оноо буюу 28%-
тай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Судалгаагаар уул уурхайн компаниуд нь
хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг, улс орны төсвийг бүрдүүлж, эдийн
засгийн тэргүүлэх ач холбогдолтой, хөрөнгө оруулалт хамгийн их шаардагддаг
салбар мөртөө засаглалын хувьд доголдолтой МИТНБ хангалтгүй байна.
Иймд МИТНБ-ыг сайжруулах нэгдмэл тайлагналын загварыг боловсруулан түүнийг
нэвтрүүлэх үе шатуудыг тодорхойлж байна. Нэгдмэл тайлагналын загвар нь
компаниудад мэдээллийн ил тод, нээлттэй байдлаа сайжруулахад жишиг болохоос
гадна компанийн засаглал сайжирч бизнесийн үнэ цэнэ нэмэгдэхэд чухал ач
холбогдлоо өгнө.