dc.description.abstract |
Мал аж ахуйн үйл ажиллагааны бүртгэл, тайлагнал нь бусад салбартай харьцуулахад өвөрмөц онцлогтой. Учир нь тус салбарын үйл ажиллагаа нэг талаас үйлдвэрлэлийн өвөрмөц технологи онцлог горим, нөгөө талаас байгаль цаг уур, төр засгийн нөлөөлөл зэрэг гадаад хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг. Энэхүү судалгааны ажлаараа дэлхий нийтийн нягтлан бодох бүртгэлийн хэл болсон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС) - г судлан түүнээс Хөдөө аж ахуй (ХАА-н ) нягтлан бодох бүртгэлтэй холбоотой стандартуудыг онолын хүрээнд судалсан. Тухайлбал биологийн хөрөнгө болон түүнээс хүлээн авсан бүтээгдэхүүний ангилал, хэмжилт, хүлээн зөвшөөрөлт, хэмжилт үнэлгээний арга хандлага, толилуулга, тодруулгын талаар иж бүрэн СТОУС болон жижиг дунд аж ахуй нэгж (ЖДААН)-н СТОУС, тэдгээрийн хэрэглээний тайлбаруудыг судлав. Судлагдсан байдлын судалгааны хувьд Монгол улсын болон бусад орны судлаачдын нийтлэл, илтгэл, судалгааны ажил зэргээс өргөжүүлэн судаллаа. Судалгааны үр дүнгээс харахад Монгол орны мал аж ахуй түүний үйлдвэрлэлд гарсан ололт амжилт,тулгарч буй асуудлууд болон эрчимжсэн мал аж ахуйн өнөөгийн хөгжил, технологи, цаашдын хөгжлийн чиг хандлага нь төрөөс явуулж буй бодлогоос маш их хамааралтай ажээ. Мал аж ахуйн салбар, түүнээс сүүний үхрийн ферм эрхэлж буй аж ахуй нэгж (ААН)-ээс нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тэр дундаа биологийн хөрөнгийн бүртгэл тайлагналын талаар авсан судалгааны үр дүнд СТОУС-н дагуу бүртгэл тайлагнал хөтлөлт дутмаг, НББОУС 41 “Хөдөө аж ахуй” –н стандартын хэрэглээ хангалтгүй үзүүлэлттэй гарлаа. Өөрөөр хэлбэл сүүний ферм эрхэлж байгаа ААН-үүд ХАА-н үйл ажиллагаанд хамаарах биологийн хөрөнгө болох үхэр сүрэг ба түүнээс хүлээн авсан ХАА-н бүтээгдэхүүнийг өртөгт суурилан дотоод мэдээлэлд үндэслэн бүртгэж, тайлагнасаар байна. Судалгааны ажлаараа манай улсын ХАА-н салбарт сүүний үхрийн фермийн томоохон төсөл хэрэгжүүлэн ажиллаж буй “Нүүдэлчин агро ферм” ХХК-ны шинэ төсөл болох сүүний кластер фермийн биологийн хөрөнгө болох саалийн үнээний бүртгэл, тайлагналыг судалж, СТОУС-ын дагуу саалийн үнээг хэрхэн, үнэлж бүртгэх талаар санал зөвлөмж боловсруулав. |
en_US |