Хураангуй:
Үндэсний аудитын газар болон Дэлхийн банкны захиалгаар Умард Ирландын
Нэгдсэн Вант Улсын Үндэсний аудитын газар Гүйцэтгэлийн хэмжүүрийн үзэл
баримтлалыг ашиглан Санхүүгийн аудитын газарт түншийн үнэлгээ хийсэн.
Үнэлгээний тайланд “Монгол Улсын Үндэсний аудитын газар маш хүнд орчинд
ажиллаж байгаа, байгууллагын бүрэн эрх нь өргөн хүрээг хамарсан боловч үүнийг
хэрэгжүүлэх хүний нөөц, төсвийн хуваарилалт нь хязгаарлагдмал, Монгол Улсын
Үндэсний аудитын газрын ажлын баримтуудыг шалгах, аудитын багтай ярилцлага
хийх явцад эрсдэл, материаллаг байдал ба алдаа, зөрчлийн үнэлгээ зэрэг аудитын
гол ойлголтуудын талаар буруу ойлголттой байгаа нь тодорхойлогдсон бөгөөд
эдгээр буруу ойлголтуудыг яаралтай залруулахгүй бол Монгол Улсын Үндэсний
аудитын газрын аудитын дүгнэлтүүдэд эрсдэл тулгараад байна” гэж дүгнэсэн
байна.
Тиймээс энэхүү судалгааны ажлаар санхүүгийн тайлангийн аудитын ажлын
баримт бүрдүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, тулгамдаж буй
асуудлуудыг тодорхойлон, арга зүйг сайжруулах талаар судлан санал, зөвлөмж
боловсруулахын тулд Төрийн аудитын байгууллага болон хувийн хэвшлийн хараат
бус аудитын компаниудыг хамруулан санхүүгийн аудитыг гүйцэтгэх чадамж,
аудитын ажлын баримт, аудитын тайланд шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх,
харьцуулах, ярилцлага авах зэрэг аргыг ашиглан судалгаа хийв.
Судалгааны үр дүнд манай улсын Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж
буй санхүүгийн тайлангийн аудит хийх хугацаа нь Төсвийн тухай хуульд заасан
цаглабарт хугацаатай, шахуу хугацаанд өргөн хүрээг хамарсан аудитыг бага хүчээр
хийдэг нь аудитын чанар болоод аудитыг баримтжуулах, хангалттай, зохистой
нотлох баримт цуглуулж аудитын санал дүгнэлтийг дэмжиж чадахгүй байгааг
харуулж байна. Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын хэмжээнд нэгдсэн
бодлого боловсруулах, аудитор шинжээч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх,
“нотлох баримтыг үнэлэх, дүн шинжилгээ хийх талаар журам, гарын авлага”
боловсруулах асуудлууд, мөн нөөцийн хүрэлцээгүй болон мэдээллийн
хязгаарлагдмал байдал зэрэг нь аудитыг гүйцэтгэхэд тулгамдаж буй үндсэн
бэрхшээл болоод байна.
Судлаачийн хувьд Төрийн аудитын байгууллагын зүгээс тасралтгүй
сургалтын хөтөлбөртөө тухайлсан сэдвээр мэргэшсэн аудиторуудыг бэлтгэх,
аудиторуудыг тогтвортой ажиллуулах, уг чиглэлээр гарын авлага боловсруулах,
төрөлжсөн аудит хийхэд шаардлагатай хүний болоод санхүүгийн нөөцийг
нэмэгдүүлэх асуудлыг судлан, шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.