dc.description.abstract |
Монгол улсын нийт бараа эргэлтийн сүүлийн 10 жилийн статистикаас харвал 2013 он хүртэл алдагдалтай явж байгаад 2014 оноос эхлэн ашигтай гарч эхэлсэн байна. Ийнхүү 2014 оноос гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч эхэлсэн шалтгаан нь уул уурхай, нүүрсний экспорт өссөнтэй холбоотой. Улсын хэмжээнд нийт эскпортын 80 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа ба бусад экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь Монголчуудын эрт дээр үеэс уламжлагдан ирсэн мал аж ахуйн гаралтай түүхий эд болох хонины ноос, ямааны ноолуур болон тэмээний ноос, түүний боловсруулалтын явцад гардаг бусад материалиуд байдаг. Худалдааны салбарын нийт борлуулалтын ердөө л 22.6%-ийг нийт үйлдвэрлэл эзэлж, үлдсэн 77.4%-ийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлж байгаагаас харвал манай улс байгалийн баялаг болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд материалаа импортолж, бусад бүхий л хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлээс импортолж байна.
Ийнхүү импорт давамгайлсан улс орон учраас гадаад валютын ханшийн эрсдэл, зээлийн эрсдэл, хүүгийн эрсдэл, хөрвөх чадварын эрсдэл, бэлэн мөнгөний хомсдолд орох зэрэг санхүүгийн эрсдэлүүд худалдааны салбарт бий болдог. Эдгээр санхүүгийн эрсдэл чухам ямар хүчин зүйлсээс бий болж байна, түүнээс хэрхэн сэргийлж, компани санхүүгийн эрсдэлээ бууруулж болох арга замыг тодорхойлохыг зорилоо.
Гадаад худалдаа эрхлэгч компаниудын санхүүгийн тайлангийн мэдээлэлд шинжилгээ хийхэд бараа материалын нөөц, дансны авлагын хэмжээ их байгаа нь энэ салбарын бараа материалын эргэц удааширч, бэлэн мөнгөний хомсдол бий болох, цаашлаад санхүүжилтийн хэрэгцээг илүү нэмэгдүүлж байна. Энэ салбарын компаниуд салбарын онцлогоосоо шалтгаалан валютын ханшийн эрсдэлд хамгийн ихээр өртөж, үүнээс шалтгаалан өртөг зардал өсөж, ашигт ажиллагаа муудаж, гадны эх үүсвэрээр санхүүжих байдал илүү нэмэгдэж байна. Ингэснээр хүүгийн болон санхүүгийн, хөрвөх чадварын эрсдэлүүдэд ихээр өртөж байна. Гадаад худалдаа эрхлэгч компаниудын санхүүжилтийн хэлбэр урт болон богино хугацаат зээл буюу гадны эх үүсвэрээс ихээхэн хамааралтай байна. Мөн компаниудын бэлэн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө яаралтай төлж барагдуулах өр төлбөрийг төлж чадахаар хэмжээнд хүрэхгүй байна. Ийнхүү гадаад худалдаа эрхлэгч компаниудын хувьд ханшийн эрсдэлээс үүдэн бусад санхүүгийн эрсдэлүүдэд өртсөөр байна. Гадаад макро орчны нөлөөллөөс энэ салбарын санхүүгийн эрсдэлд хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйл нь эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдал, татварын орчин байна.
Гадаад худалдаа эрхлэгч компаниуд эдгээр санхүүгийн эрсдэлээс зайлсхийх, санхүүгийн эрсдэлээс хүлээх алдагдалаа бууруулахын тулд санхүүгийн төлөвлөлт шинжилгээг илүү бодитой хийх, бэлэн мөнгөний оновчтой түвшинг барьж ажиллах, бараа материалын нөөцийн удирдлагын онол арга зүйг судлан өнөөгийн нөхцөл байдалд хамгийн оновчтой нөөцийн түвшинг тодорхойлон барьж ажиллах, ханшийн эрсдэлээс сэргийлэх санхүүгийн хэрэгслүүдийн хэрэглээг судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай байна. Мөн авлагын үлдэгдэлийг аль болох бууруулахын тулд зээлийн борлуулалтын бодлогыг сайжруулах, борлуулалтын орлогыг бэлнээр болон богино хугацаанд төвлөрүүлэхийн тулд хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх борлуулалтын урамшуулал гаргах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна. |
en_US |