Хураангуй:
Монголбанкны зээлийн мэдээллийн сан нь зээлдэгчийн зээл бүрийн хэмжээ, авсан ба барагдуулан төлж дуусах огноо, өрийн үлдэгдэл, зээлийн ангилал (хэвийн хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу), барьцаа хөрөнгийн төрөл зэрэг мэдээллүүдийг багтаасан мэдээллийн урсгал юм. Арилжааны банкнууд, банк бус болон бусад санхүүгийн байгууллагууд иргэний зээлийн мэдээллийн түүхийн лавлагаанд тулгуурлан хэдий хэмжээний зээл өгөх эс өгөх шийдвэрийг гаргахдаа зээлийн мэдээллийн санд хандаж болдог. Гэвч энэхүү арга нь иргэн олон төрлийн зээлд хамрагдсан үед зээл төлөлтийн ангилал янз бүр байх тохиолдолд хэрэглэгчийг тодорхойлох боломжгүй ба оновчтой үнэлгээ өгч чаддаггүйгээс эрсдэл үүсч найдваргүй зээл өссөөр байдаг. Түүнчлэн, зээл олгоход олон үе шатыг дамжсан зээлийн шинжилгээ хийгддэг тул хугацаа их шаардагдаж банк болон харилцагч талууд тодорхой хэмжээний алдагдал хүлээж байна. Зарим арилжааны банкнууд энэхүү процессыг хялбаршуулахын тулд зээл авсан бүх харилцагчдаа оноожуулан баримтжуулдаг ч зөвхөн нэг банканд буй мэдээлэл эрсдэл тооцох хангалттай хэрэгсэл болдоггүй. Иймд, гадаадын улс орнууд асуудлыг хэрхэн шийдэж буйг судлах явцад “зээлийн онооны систем”-ийн талаар олж мэдсэн.
АНУ-ын FICO корпорац 1956 онд хувь хүн бүрийн нийт зээлийг 300-850 онооны хооронд үнэлэх оноожуулалтын системийг нэвтрүүлсэн нь хожим 1980-аад оноос улс даяар арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагууд өдөр тутамдаа хэрэглэж ирсэн төдийгүй даатгал, үүрэн телефон, цахилгаан ус тог, лизинг олгогч гээд бусад салбарууд ихээхэн сонирхож үр шим хүртсээр байна. Тус аргын давуу тал нь зээлийн олон төрлийн шинжилгээнд цаг зав зарцуулалгүйгээр 3 оронтой тоог харан түргэн шуурхай шийдвэр гаргах явдал юм.
Цахим ертөнцөд мэдэгдэж байгаагаар нийт зээлийн мэдээллийн санг хэрэглэдэг 96 орны 34 хувь нь ашиглаж ирсэн энэхүү аргыг Монголд нэвтрүүлэх боломж бололцоог судлах зорилгоор энэхүү судалгааны ажлыг эхлүүлсэн. Судалгаа шинжилгээ хийсний үр дүнд оноожуулалтын загварууд болох FICO, VantageScore болон Callcredit гэх аргуудаас FICO онооны системийг сонгож түүний онооны бүрдүүлэлт, эрсдэл, шийдвэр гаргахад ашиглах хүчин зүйлүүдийг судлан онолын хэсгээ тодорхойлсон бол салбарын өнөөгийн байдлын судалгаанаас одоогийн Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн зээлийн ангилал хуучирсан, бусад хөгжингүй орнуудаас үе шат доогуур явж байна гэж үзсэн ба олон улсын кейс болон интернетийн найдвартай эх сурвалжуудаас судалгаа хийхэд уг зах зээл Монгол улсад шинэлэг, системийг хараахан нэвтрүүлээгүй байгаа ч нэвтрүүлэх зорилго тавьсан үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа компани буйг олж мэдсэн. Эмпирик судалгаа шинжилгээний хувьд ярилцлагын арга болон кейс судалгааны аргаар системийн нэвтрүүлэх үе шатуудыг тодорхойлж оноожуулалтын хувилбарыг санал болгон одоо байгаа системийг сайжруулах боломжийг харуулсан.