Хураангуй:
Аливаа эдийн засгийг тэжээн тэтгэгч хүчин зүйл нь бэлэн болон бэлэн бус мөнгөний зогсолтгүй эргэлт юм. Мөнгөн хөрөнгийг хөдөлгөөнд оруулж, бараа үйлчилгээ худалдан авах, борлуулах зэргээр мөнгөний урсгалын тогтвортой, зогсолтгүй хөдөлгөөнийг хангадаг үндсэн хэлбэр нь мөнгөн гуйвуулга буюу хил дамнасан гүйлгээ бөгөөд хил дамнасан бэлэн бус төлбөр тооцоог гүйцэтгэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг дэд бүтэц бол олон улсын корреспондент банкны сүлжээ юм.
2008 оноос эхлэн SWIFT буюу Дэлхий дахины банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэгийн сүлжээгээр Монгол улсаас гарч буй болон Монгол улс руу ирж буй олон улсын гүйлгээний дийлэнх хувийг гүйцэтгэдэг арилжааны банкуудын гадаад гүйлгээ дамжуулах чадвар ноцтойгоор муудах үзэгдэл гарч байна. Энэ нь гадаад гүйлгээ дамжуулах процессд хамгийн чухал дэд бүтэц болох корреспондент банкны сүлжээ буурсантай холбоотой. Дотоодын арилжааны банкуудын корреспондент банкны сүлжээ буурснаар банкууд харилцагчийн гадаад төлбөр тооцоо, банкны өөрийн төлбөр тооцоо, харилцагчдын картын төлбөр тооцоо зэргийг гүйцэтгэж чадахгүй байдалд хүрч улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжигч хүчин зүйл болох гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг боомилох хор нөлөөтэй байна.
Дотоодын банкны секторын 90 хувийг бүрдүүлэгч том 5 банкнаас авсан асуулга судалгаагаар корреспондент банкны харилцаа нь 2008 оноос эхлэн буурах хандлагатай гэдэг санал нэгтэй үр дүн гарсан бөгөөд эдгээрийн шалтгаан нь ихэвчлэн корреспондент банкны зүгээс дотоодын банкуудын харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хангалтгүй гэж үзсэн, улс орны эрсдлийн түвшинг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн эсвэл аль аль нь гэсэн шалтгааныг дурьдсан байдаг.
Тиймээс олон улсын төлбөр тооцоог дамжуулах үндсэн дэд бүтэц болох корреспондент банкны сүлжээг нэмэгдүүлэхэд арилжааны банкны зүгээс авч болох нэн тэргүүний арга хэмжээ нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаагаа сайжруулах юм хэмээн тодорхойлоод харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг олон улсын корреспондент банкуудын нийтлэг шаардлага, олон улсын холбогдох байгууллагуудын зөвлөмж, стандартын хүрээнд нийцүүлэн тогтоох боломжийг судлав.