Хураангуй:
Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх боловч шат шатны шүүхийн шүүгчдийн онолын мэдлэг, ойлголт, хууль хэрэглээний асуудал нэгдсэн байх ёстой. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчид нэгдсэн ойлголттой байх, шүүхийн шийдвэрийн тогтвортой байдлыг хангах, хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой онолын болон, практик мэдлэг шаардлагатай байна. 2016 онд иргэний зарим хэргийг ялгаатай шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, үндэслэл сэдвээр хийгдсэн судалгаагаар1 хэлцэл хүчин төгөлдөр бус байх тохиолдол бүрт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан нарийвчилсан зохицуулалтыг оновчтой хэрэглэхгүй байх, мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагаврыг зөв тогтоохгүй, хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэх дутагдал шүүхийн практикт байгааг илрүүлсэн.
Иймд судалгаагаар Монгол улсын хэмжээнд 2005-2018 онд иргэний эрх зүйн хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох маргааныг шийдвэрлэсэн нийт 886 шийдвэр, магадлал, тогтоолоос ИХ-ийн 56.1-д үндэслэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон 86 шийдвэр, 26 магадлал, 10 тогтоолд дүн шинжилгээ хийлээ. Судалгааны сэдвийн дагуу тухайн төрлийн маргааныг шүүхээс хянан шийдвэрлэхэд гаргадаг хууль хэрэглээний алдаа, түүнээс сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, санал, зөвлөмжийг судалгааны хүрээнд тулгуурлан дэвшүүлсэн.
Дээрх төрлийн маргааны хувьд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх үед гарч буй нийтлэг алдаа, дүр үзүүлэн хийсэн, халхавчилсан хэлцлийг үүргийн гүйцэтгэлийн фидуцийн гэрээнээс ялгах, ИХ-ийн 56.1.1 болон 56.1.8-д үндэслэн хэрэг хянан шийдвэрлэхэд гарч буй асуудал, хүчин төгөлдөр бус байх хэлцэлийн үр дагаварыг тооцох, түүнд үндэслэн шүүхээс шийдвэр гаргах зэрэгт шүүхийн практикт бий болж буй асуудлуудыг тодорхойлж тухай бүр санал, зөвлөмж гарган бичлээ.