Хураангуй:
Өнөө үед манай улсад дотоодын үйлдвэрийн болон импортын тоглоомуудын төрөл сонголтууд нэмэгдсээр байна. Дэлхийд алдартай тоглоомын брэндүүд, шинэ технологи бүхий тоглоомууд, үндэсний тоглоом наадгай, чанарын шаардлага хангаагүй хямд үнэ бүхий тоглоомууд гээд төрөл төрлөөрөө худалдаалагддаг болжээ. Эдгээр тоглоомуудын хамгийн чухал нь хүүхдийн эрүүл мэндэд хоргүй, чанартай буюу олон улсын чанарын стандартыг хангасан байх шаардлагатай байна.
Наад брэнд нь МиМо гэрийг анх санаачлан зохион бүтээж, зах зээлд шинэ зүйлийг танилцуулсан нь онцгой байж чадсан бөгөөд үйл ажиллагаагаа эхлээд 1 жилийн дотор хэрэглэгчдэд маш амжилттай танигдаж чадсан байна. Үүний нэг шалтгаан нь монгол өв соёлыг шингээсэн өвөрмөц инновацилаг бүтээгдэхүүн бий болсон нь хэрэглэгчдэд таалагдсан бөгөөд зах зээлд онцгой байж чадсан гэж бодож байна. Мимо гэр бүтээгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд хоргүй чанарын шаардлага хангасан хүнсний зориулалт бүхий хуванцараар хийгдсэн учраас ямар нэгэн эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй, сувинер болон тоглоомын зориулалтаар ашиглагдах учраас дотоодын болон гадаадын зах зээлд худалдаалагдах боломжтой, танин мэдэхүйн ач холбогдолтой юм.
Тиймээс старт-ап компаниуд зах зээлд амжилттай нэвтэрч байр сууриа олох, хэрэглэгчдэд танигдах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдаас ялгаруулахын тулд өрсөлдөгч болон хэрэглэгчээ судалж тэдгээрийн зан төлөв, хандлагыг тодорхойлж цаашид хэрэглэх, худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд идэвхжүүлэлтийн хөтөлбөр боловсруулан явуулах нь тохиромжтой.