Хураангуй:
Манай улсын тэтгэврийн тогтолцоо нь 1995 оноос эхтэй, нэг давхаргат, орлогоосоо зарлагаа санхүүжүүлэх зарчимд суурилдаг халамжийн шинж чанартай хуваарилалтын тогтолцоо юм. Хүн амын өсөлт 10-15 жилийн хооронд нилээн эрчимтэй үргэлжлэх ч 2030 оноос саарч, дундаж насжилт нэмэгдэх хандлагатай байгаа юм. Ингэснээр нийт хүн амд эзлэх ахмад настны тоо өсөж, одоо тэтгэврийн насныхан 10%-ийг эзэлж байгаа бол 2050 он гэхэд 53%-д хүрч 5 дахин өснө гэсэн судалгааг дэлхийн банкны мэргэжилтнүүд хийгээд байгаа. Орлого нь зардлаа нөхөж чадахгүй болох үед улсаас татаас хэлбэрээр өгөх нь улсын төсвийн дарамт буурахгүй үргэлжилсээр байх аж. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл нь урт хугацаандаа үр дүн нь ажиглагддаг мөн өнөөгийн тэтгэврийн тогтолцоог олон сул талуудтай байгааг дотоодын судлаачид мөн Дэлхийн банкнаас ч тодорхойлсон. Тиймээс гурван давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж байгууллага хувийн тэтгэврийн сан хэрэгжүүлэх боломжийг хууль эрх зүйн хүрээнд бүрдүүлэх шаардлагатай байна. Цөөн хэдэн байгууллагууд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ажилчдынхаа ирээдүйн нөхцөлийн сайжруулахын тулд өөрсдөө хувийн тэтгэврийн сан байгуулан амжилттай хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай байна. Хууль эрх зүйн хүрээнд таатай нөхцөл бүрдвэл бусад байгууллагууд ч мөн урамшуулал хэлбэрээр ажилчиддаа ирээдүйн баталгаа болох тэтгэвэрийн системийг бүрдүүлэн ажиллахад бэлэн байна гэсэн бөгөөд энэ нь хуримтлалын сангийн хэмжээгээр эдийн засагт хөрөнгө оруулалт болох юм.