Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь 2013 оноос 2017 оны хооронд Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй ББСБ-уудын үр ашгийг хэмжин, үр ашигт нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэн, эрэмбэлж ББСБ-уудын үр ашгийг нэмэгдүүлэх арга замыг боловсруулахад чиглэгдсэн билээ. Шинжилгээний үр дүнд Монгол улсын банк бус санхүүгийн салбарын оролцогчдыг аварга, том, дунд, жижиг болон бичил ББСБ хэмээн ангилсан ба эдгээр ангилал бүр нь харилцан өөр өөр үр ашигтай байгаа юм. Том ББСБ-ууд нь хамгийн үр ашигтай ажиллаж байгаа бол жижиг ангиллын ББСБ-ууд хамгийн үр ашиггүй ажиллаж байна. Мэдээж тэднийг үр ашиггүй байдалд хүргэж буй хувьсагчид нь харилцан адилгүй билээ. Ерөнхийд нь авч үзвэл ББСБ-уудын үр ашгийг нэмэгдүүлэхэд хамгийн их эерэгээр нөлөөлж буй хүчин зүйлс нь хүүний бус орлогын өсөлт болон нийт активын өсөлт байна. Харин үр ашгийг нэмэгдүүлэхэд хамгийн их сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс нь боловсон хүчний зардал ба хүүний зардал гэсэн үр дүн гарсан билээ. Үр ашгийг нэмэгдүүлэхэд хамгийн их эерэгээр нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь хүүний бус орлого гэсэн үр дүн гарсантай холбоотойгоор нийт ББСБ-уудын хувьд хамгийн үр ашигтай бүтээгдэхүүнийг илрүүлэх шинжилгээг явуулсны үр дүнд хамгийн үр ашиг бүхий бүтээгдэхүүнүүд нь итгэлцэл, санхүүгийн зөвлөгөө байсан юм. Цаашлаад ББСБ-уудын үр ашигт нөлөөлж буй хүчин зүйлсийн эрэмбэ болоод бусад хөгжсөн орнуудын хувьд банкны бус санхүүгийн компаниудын трендийг судалсны үндсэнд үр ашгийг дээшлүүлэх арга замуудыг боловсруулсан билээ.